Улаангомд хог дахин боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-ноос эхлэн Улаангом хотод бүх нийтийн их
цэвэрлэгээг хуваарийн дагуу хийж байна.
Улаангом хот Увс нуураас 45 км-т оршдог болохоор намрын сэрүү орж, нуур хөлдөж битүүрэх хүртэл хугацаанд буюу жил бүрийн 11-р сараас 12-р
сарын сүүлч хүртэл өдөр бүр аймгийн төвд нуурын будан хаяж, Улаангомын бүрсгэр
бүүдгэр өдрүүд үргэлжилдэг. Цасан хялмаатай өдрүүдэд хот доторх автозамд маш
их хэмжээний халтиргаа гулгаа үүсч, машин тэрэг бүү хэл, явган хүн явахад ч төвөгтэй
байдаг. Иймээс Улаангомын тохижилт үйлчилгээний газраас их хэмжээний давс, элс хайрга
нөөцлөн авч өвлийн турш зам дээр цацдаг юм. Гэхдээ хавар цас хайлахтай зэрэгцэн
энэхүү хайрга шороогоо цэвэрлэж авахгүй бол хийсч бужигнаад үнэхээр бэрх
болдог. Хаврын их цэвэрлэгээгээр Улаангомын замын тоос шороог цэвэрлээд
зогсохгүй, нийтийн эзэмшлийн зам талбай, зах, олон нийтийн газар, орон сууц,
гэр хороолол, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүртэл цэвэрлэгээ хийдэг.
Улаангомын
хуршмал хог хаягдлыг дарж устгах чиглэлээр 2019 онд Н.Цэрэнбат сайдын
санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Увс аймагт агаар, орчны
бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх” ажлын хүрээнд 250 сая
төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Аймгийн төв үндсэндээ хоёр хогийн цэгтэй
байсан бөгөөд Увш хар уулан дахь хогийн цэг нь 1940-өөд оноос үүссэн бол
Адарганы хогийн цэг нь сүүлд буюу 1980-аад оны үеэс бий болжээ. Агаар, орчны
бохирдлыг бууруулах ажлын хүрээнд эхний ээлжинд Увш хар уул орчмын 105 га
талбайд удаан хугацаанд тархсан хуршмал хог, малын гаралтай хаягдал, овор бүхий
хогийг түрж тээвэрлэх, булшлах, дахин хог хаяхаас урьдчилан сэргийлж 2 км
хамгаалалтын зогон татах, тэмдэгжүүлэх, хяналтын камер суурилуулах зэрэг ажлыг
хийсэн байна. Үүнээс гадна Чандманьд буюу Улаангом сумын 1-р багт 3 га газарт хогон
далан боссон байсныг Увш хар уулын хогийн цэг рүү зөөж буулган дарж устгажээ.
Мөн Улаангомын 10-р багт үүссэн их хэмжээний хур хогийг мөн л тийш нь зөөж буулган
отвальдсан байна.
Мөн Адарганы
хогийн цэгийн эргэн тойронд тархсан хог хаягдлыг цэвэрлэж, 17,5 га талбайд
хуримтлагдсан хог хаягдлыг ангилах, түрж отвальдан дарж булшлах, 3,5 га талбайд
техникийн нөхөн сэргээлт хийх, хогийн цэгийг хашаажуулах, камержуулах ажлууд
хийжээ. Одоо зөвхөн Адарганд байрлах хогийн нэгдсэн цэг дээр Улаангомын хог хаягдлыг
хүлээн авч байна.
Аймгийн төвийн орон сууцнуудын гаднах талбайд ангилан ялгах зориулалт бүхий хогийн бункер, нийтийн эзэмшлийн зам талбайд зориулалтын хогийн сав, сандал байршуулах ажлууд хийсэн. Ингэснээр Улаангом хотын иргэд цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд амьдрах таатай орчин нөхцөл бүрдээд байна. Цаашдаа Улаангомд хог дахин боловсруулдаг үйлдвэр байгуулах, хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдийг олноор бий болгох шаардлагатай байна.
“Улаангом тохижилт үйлчилгээ” ОНҮГ-ын
менежер З.Бумнанжид:
БОАЖЯ-наас 2019
онд “Увс аймагт агаар, орчны бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх” ажлын хүрээнд маш их зүйл хийсэн. Тухайлбал, Увш хар уул орчмын 105
га газарт тархсан хуршмал хогийг дарж устган сэргээн засах гарниз татаж, камержуулан, самбар
байршуулсан. Мөн Адарганы хогны цэгийн эргэн тойронд тархсан хог хаягдлыг
цэвэрлэн, техникийн нөхөн сэргээлт хийж, хашаажуулан камер суурилуулсан.
Нийтийн
эзэмшлийн газарт жижиг хогийн сав, хүмүүс амарч суух сандал, цэцгийн мандал байршуулсан.
Нийтдээ 70 цэгт байршуулахаас одоогоор 20 гаруй хувьд нь байршуулаад байгаа. Энэ
жил Улаангом сумын 6, 12-р багийн хур хогийг ачиж зайлуулах ажилд 50 сая,
ногоон байгууламж бий болгоход 75 сая, хог тээвэрлэх машин трактор авахад 150
сая, хог хаягдлын менежментийг сайжруулах ажилд 110 сая төгрөг
тус тус төсөвлөгдсөн бөгөөд энэ хүрээнд ажилгүй иргэдийг түр ажлын байраар
ханган, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлүүлж байна. Өнгөрсөн жил
150 хүнийг түр ажлын байраар хангасан бол энэ жил 300 орчим хүнийг хамруулна.
БОАЖЯ-наас манайд хог бутлах машин ирсэн. Агуулах барьчихвал хог
бутлах, ангилах ажил хийнэ. Одоогоор манай ажилтнууд 5 тн хуванцар, 10 тн архины
шилийг ялгасан байгаа.