Боршоо боомтоор Кадетийн сургуулийн 9 сурагчийг татан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-05-05 15:06:56

Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуульд суралцдаг Монгол Улсын 9 сурагчийг Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 4-ний өдөр Увс аймгийн Боршоо боомтын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүллээ. Тэднийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн 0245-р ангийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг өндөр хяналт, шалгалтын дор тосч авсан юм.

Тодруулбал, сурагчдаар асуумжийн хуудас бөглүүлэн, биеийн халууныг нь хэмжиж, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийж нэвтрүүллээ. Сурагчдаас халуурсан шинж тэмдэг илрээгүй бөгөөд биеийн байдал нь хэвийн байлаа. Сурагчдыг Батлан хамгаалах яамны төв эмнэлгээс ирсэн эмч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, жолооч нараас бүрдсэн баг хүлээн авч энэ сарын 4-ний өдрийн 12:00 цагийн үед тусгай үүргийн автобусаар тээвэрлэж Улаанбаатар хот руу хөдөлсөн юм.

Сурагчдыг Улаанбаатар хотод коронавирусний шинжилгээнд хамруулан тусгаарлажээ.

Связанные новости