“COVID-19”-н улмаас НҮБ-ын 7 ажилтан нас баржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
НЬЮ-ЙОРК. /Korrespondent/. Коронавирусний халдвар авсны улмаас НҮБ-ын 7 ажилтан нас баржээ. Тус байгууллагын 520 ажилтан коронавирусээр халдварласан байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик цахим хэлбэрээр явуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
АНУ-д НҮБ-ын 147 ажилтан коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ. Үүнээс 78 нь Нью-Йорк муж улсад халдвар авсан байна.
Коронавирусээр халдварласны улмаас нас барсан НҮБ-ын ажилтнууд дунд нэг нарийн бичгийн ажилтан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон “ЮНИСЕФ” буюу НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтнууд байжээ.
Коронавирусний цар тахал дэгдэж эхэлснээс хойш дэлхий дахинд 4.8 сая орчим хүн коронавирусээр халдварлаж, 320 мянга гаруй хүн нас барсан байна.