Бразилд “СOVID-19”-өөр нас барсан хүний тоо 30 мянга давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилд коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 30 мянга давсан байна.
Тус улсын Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд гарсан мэдээллээс үзвэл, сүүлийн 24 цагийн байдлаар 1262 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 31199 болжээ. Түүнчлэн коронавируст халдвартай холбоотой байж болзошгүй өөр 4300 хүний нас барсан шалтгааныг тодруулж байна. Өмнөх өдрийн мэдээлэл нийтлэгдсэнээс хойш тус улсад шинэ халдварын тоо 28936-гаар нэмэгдэж, 555383 болсон бол эдгэрсэн хүний тоо 223 мянга давлаа гэж тус яам мэдээлжээ.
Бразилд халдварын тархалтын голомт нь Сан Паулу муж болон тус мужийн нийслэл болоод байгаа юм. Энэ бүс нутагт 118 мянга гаруй хүн халдвар авч, 8000 орчим хүн нас баржээ. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт тус мужтай хөрш зэргэлдээ оршдог Рио-де-Жанейро орж байгаа бөгөөд энд 56700 гаруй хүн халдвар авч, 5686 хүн нас барсан байна. Гуравдугаарт халдварын 53 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 3241 хүн нас барсан зүүн хойд нутгийн Сеара муж оржээ.