Шалгалтын дүнг шууд засалтын шилэн технологи ашиглан мэдээлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-07-03 16:23:11

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ерөнхий боловсролын 17 сургуулийн 12-р ангийн 740 сурагч, өмнөх оны 50, нийтдээ 800 орчим төгсөгч энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад орж байна. Энэхүү шалгалтыг улсын хэмжээнд энэ сарын 2-5-ны хооронд явуулж байна. Өчигдөр Монгол Улсын түүх, англи хэлээр элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэн бол өнөөдөр хими, газар зүй, нийгэм судлалаар үргэлжилж байна. Харин маргааш биологи, математик, энэ сарын 5-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалт авах юм.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмжийн дагуу шалгуулагчдыг шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийж, суудлын хуваарь дээр тухайн шалгалтыг өгөх шалгалтын байр, шалгалтын байранд ирэх цагийн тов, нэвтрэх хэсгийн дугаарыг тусгайлан урьдчилан заасны дагуу зохион байгуулж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо гаргах, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр тус бүрээс www.live.eec.mn болон https://www.facebook.com/bsuguvs/ цахим хаягаар ”LIVE”-аар анхны оноог шууд мэдээлж байна. Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжтой аж. Боловсролын үнэлгээний төв дүн оноог www.eec.mn цахим хуудсанд байршуулж байна.

 

Связанные новости