Даралт ихсэх, ходоод хямрах дуудлага ихэсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн
тусламжийн тасагт долоо хоногт 100 гаруй дуудлага ирдэг байна. Өнгөрсөн сарын сүүлчийн
долоо хоногт нийтдээ 102 дуудлага ирснээс даралт ихэссэн 31, амьсгалын замын
цочмог халдвар 10, ходоод гэдэсний хямрал 3, архины хордлого 5, осол гэмтлийн
дуудлага 2 ирсэн байна. Иймд тус тасгийн зүгээс иргэдэд хандан даралтны эмээ
тогтмол уух, хөл хорионы үед гадуур сэлгүүцэхгүй байх, аялж зугаалахдаа техникийн
бүрэн бүтэн байдлаа хангаж, анхаарал болгоомжтой явж, осол гэмтлээс урьдчилан
сэргийлэх, хүүхдэдээ халуун өдрүүдэд малгай өмсгөх, гадуур гаргахгүй байх,
архийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, эрүүл мэндээ эрсдэлт оруулдаг хүчин зүйлсээс
зайлсхийхийг зөвлөж байна.
“Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор ард иргэдийн
дунд ходоод хямрах, хоолны хордлого, архины хордлогын дуудлага нэмэгдэх болсон.
Иймээс иргэд ухамсартай байж, эрүүл мэндээрээ хохирохгүйн тулд хугацаа богино хүнсний бүтээгдэхүүн аль болох хөдөө хээр авч явахгүй байх,
хугацаа огноог харах, хэтрүүлэн идэхгүй байх хэрэгтэй. Мөн наранд удаан байсан
хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, нарнаас хамгаалах хувцас хэрэглэх
зэргээр өөртөө болон ойр дотны хүмүүс, хүүхэддээ анхаарал тавих хэрэгтэй”
хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТ-ийн их эмч Ц.Болормаа хэллээ.