Хуучин хоёр өрөө байрны үнэ 17 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанкны захиалгаар “Тэнхлэг зууч” компани дөрөвдүгээр сарын орон сууцны үнийн индексийг гаргасан байна.
Судалгаагаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 3.5 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулбал -1.9 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -11.2 хувиар буурчээ. Тодруулбал шинэ орон сууцны үнийн индекс 15.2 хувьтай гарснаар өмнөх сараас -0.9 хувиар буурсан байна.
Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ 2 сая 25 мянган төгрөг болж өмнөх сараас 0.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар буурсан аж. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ын үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрханд хамгийн бага үнэтэй байна. Үүнийг оны эхэн үетэй харьцуулбал -3.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -9.5 хувиар буурчээ. Тэгвэл хуучин 2 өрөө байрны дундаж үнэ 80 сая төгрөг болж өмнөх сараас 0.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 17.0 хувиар буураад байна хэмээн “Тэнхлэг зууч” компаниас мэдэгдлээ.
Хуучин орон сууцны үнийн индекс -3.8 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -2.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -13.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Орон сууцны үнийн индексийг “Хедоник” регрессийн аргаар тооцоолсон бөгөөд зах зээл дэх шинэ, хуучин нийт 5019 орон сууцны мэдээллийг хамруулжээ.
Б.Заяа