“Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” Улаанбаатар хотноо эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. ЦХИХХЯ, Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамран “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Энэ хүрээнд
бүс нутгийн кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, кибер халдлага, зөрчлийн сүүлийн
үеийн чиг хандлага, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, харилцан
туршлага солилцох, кибер аюул занал, эрсдэлийг багасгахын тулд оролцогч орнуудын сайн туршлагыг солилцох, олон улсын
хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Монгол Улс “Кибер аюулгүй байдлын индекс 2024”-т 193 орноос
103 дугаарт эрэмбэлэгдэж, “Бэхжиж буй” түвшинд тооцогдсон. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 17 байраар
урагшилсан ч кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чадавх, олон улсын хамтын ажиллагааны үзүүлэлтүүд
Азийн дунджаас доогуур байгааг харуулж байна.
Мөн ЦХИХХЯ
нь Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран
“Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшин”-ий судалгааг хийжээ. Судалгаагаар манай улс кибер
аюулгүй байдлын бодлого, стратегийн хувьд харьцангуй өндөр түвшинд үнэлэгдсэн
бол стандарт, технологийн нэвтрүүлэлт, хүний нөөцийн чадавх, халдлага илрүүлэх,
урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, мэдээлэл солилцоо, олон улсын
хамтын ажиллагааны чиглэлээр илүү анхаарах шаардлагатайг онцолжээ.
“Ази номхон далайн бүс нутгийн кибер сургуулилт 2025”-ыг Монгол Улсад зохион байгуулснаар бүс нутгийн хэмжээнд кибер аюулгүй байдлын чиг хандлагыг хэлэлцэж, хариу арга хэмжээ авах, хамгаалалтыг сайжруулах шийдлийн талаар санал солилцох, халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах ур чадварыг сайжруулж, чадавхжуулах, кибер аюулгүй байдлын бодлого төлөвлөлт, менежментийг сайжруулах, Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах хамтын үүргийн хэрэгжилтийг танилцуулах, улсаа сурталчлан таниулахад ач холбогдолтой юм.
Энэ удаагийн сургуулилтад Ази, Номхон далайн бүсийн 26 орны 200 гаруй төлөөлөгч оролцож байна. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх энэ хурал есдүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ.