Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 20 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-07-06 17:58:24

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар 2020 оны эхний хагас жилд иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 198, зөрчлийн шинжтэй 622, нийтдээ 820 гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41,1 хувиар буурсан мэдээ гарчээ.

“Энэ оны эхний 6 сарын байдлаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 32, иргэдийн өмчийн хулгай 10, малын хулгай 11, тээврийн хэрэгслийн хулгай 1, залилах 1, дээрэмдэх 2, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4, бусдын эд хөрөнгө устгаж гэмтээх, үрэгдүүлэх 3, хүний  халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 2, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 1, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 4, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг нэг гарсан. Бүртгэгдсэн гэмт хэргүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 62.2 хувиар, хулгайлах гэмт хэрэг 70.3 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 42.1 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 20 хувиар тус тус буурсан.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 6 нэгжээр, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 11 нэгжээр, гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 33 нэгжээр тус тус буураад байна. Аймгийн хэмжээнд 81 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 50.3 хувиар буурсан үзүүлэлт юм” хэмээн аймгийн Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Оюунболд хэллээ.

 

Связанные новости