Өдөрт 30 км гүйж нийслэлд иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөнгөн атлетикийн мастер, гүйлтийн ахмад тамирчин Б.Болдбаатар Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот хүртэл 1040 км замыг явганаар туулан нийслэлд ирээд байна.
Тэрээр 7 дугаар сарын 5-нд Говь-Алтай аймгийн төв дэх Улсын баатар Жанчивын талбайгаас гараагаа эхэлж, өглөө эрт 15 км, орой мөн хэмжээний замыг гүйж туулжээ. Ингэхдээ нийт сар гаруй хугацааг зарцуулсан байна. Тэрээр, Монгол Улсад прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой, Говь-Алтай аймгийг үүсгэн байгуулсны 80 жилийн ойд зориулан гүйх санаачилга гаргажээ.
Түүнийг Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, прокурорын байгууллагын Биеийн тамир спортын зөвлөлийн дарга Э.Амарбат болон Биеийн тамир спортын газрын дарга, удирдлагууд, Говь-Алтай аймгийн Засаг дарга, нутгийн зон олон болон прокурорын байгууллагын ажилтнууд Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр угтан авсан юм.
Угтаж авах ёслолын үеэр Биеийн тамир, спортын газрын дарга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамц хэлэхдээ, "Ахмад тамирчин Б.Болдбаатар "COVID-19"-ийн цар тахлын үед нийт иргэддээ биеийн тамир, спортоор хичээллэж дархлаагаа дэмжих талаар өөрийн биеэр үлгэрлэн дуурайж үзүүллээ. Энэ нь ирэх жил болох биеийн тамир спортын 100 жилийн ойд түүх болон үлдэх үйл явдал болж байна" гэв.
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Монголын прокурорын байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж, тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж холын зайн гүйлтээ амжилттай хийсэнд талархал илэрхийлж, прокурорын байгууллагын хүндэт тэмдэг, дурсгалын зүйлийг гардуулан өгсөн юм.
Б.Болдбаатар Говь-Алтай аймгийн прокурорын газарт бичиг хүргэгч, жижүүрээр ажилладаг юм.
Т.Энхтогтох