Монгол Улс үндэсний цахим атластай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-24 17:29:28

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн нь ЮНЕСКО-гийн “Оролцооны хөтөлбөр”-ийн санхүүжилтээр “Монгол Улсын Үндэсний цахим атлас” төслийг хэрэгжүүлж, олон нийтийн хүртээл болголоо.

 

Монгол Улсын үндэсний атлас нь бидний амьдрал ахуй, түүх, соёл, газар нутгийн талаарх шинжлэх ухаан-танин мэдэхүйн цогц мэдээллийг багтаасан, Монгол орны газар нутаг, засаг захиргааны бүтэц, газарзүйн нөхцөл, байгалийн нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүхий л мэдээллийг нэгтгэн харуулсан чухал ач холбогдолтой бүтээл юм.


Цахим атласд англи, монгол хэлээр боловсруулсан нийт таван үндсэн бүлэгт хамаарах 132 сэдэвчилсэн зургийг багтаасан бөгөөд зураг тус бүрд харгалзах зохиогчдын мэдээллийг эшлэл авах загварын хамт оруулснаараа онцлогтой. Мөн 1990, 2009, 2022 онд хэвлэгдсэн “Монгол Улсын Үндэсний атлас”-ын товч, тухайн хэвлэлд ажилласан редакцын зөвлөлийн бүрэлдэхүүний мэдээллийг шингээжээ. Тус хэвлэлд орсон мэдээллийг байршил, нас хүйс, үндэс угсаа, эдийн засгийн чадамжаасаа үл хамааран хэн бүхэн хүртээмжтэй авч болно. Мөн судлаачдын эрдэм шинжилгээний ажлын тодорхой эх үүсвэр болох мэдээллүүдийг нээлттэй болгож, бусад улс орнуудтай шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.  Энэхүү төслийг хэрэгжүүлснээр шинжлэх ухааны мэдлэгийг олон хэлээр, нээлттэй байдлаар түгээх, мэдээллийн солилцоог нэмэх зорилготой нээлттэй шинжлэх ухааны талаарх ЮНЕСКО-гийн зөвлөмжийн хэрэгжилтэд чухал хувь нэмрээ оруулж буйг энэ үеэр онцлов.

 

Уг нээлтийн үйл ажиллагаанд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, Монгол Улсын Их хурлын гишүүн, академич Д.Рэгдэл, Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, МУИС-ийн багш, доктор Сайнбуян, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Гомболүүдэв, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, доктор Ж.Оюунгэрэл нар уригдан оролцлоо.

 

Ташрамд дурдахад, дэлхийн улс орон бүр өөрийн үндэсний атласаа  төрийн сүлд, далбаа, төрийн дуулалтай адил дээдлэн төрийн бахархал болгон ашиглаж ирсэн түүхтэй аж. Одоогоор үндэсний атластай 70 гаруй улс, цахим атластай 20 орчим улс байна.

 

Связанные новости