Дэлхийн өвийн хөдөлгөөнт сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-08-13 16:28:36

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Дэлхийн өвийн хөдөлгөөнт сургалт өнөөдөр болсон байна.

Уг сургалтад аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн тэргүүтэй аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хилийн цэргийн 0245-р анги, Цагдаагийн газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв, соёл, боловсролын байгууллагын мэргэжилтнүүд, сумдын удирдлагууд хамрагджээ.

Дэлхийн өвийн хөдөлгөөнт сургалтыг БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газар, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын төлөөлөгчид хамтран явуулсан байна.

ЮНЕСКО-гийн Оролцооны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол Улсаас Дэлхийн өвд таван газар бүртгэгдсэний хамгийн анхных нь Увс нуур байна. Тодруулбал, 2003 онд хуралдсан Дэлхийн өвийн хорооны 27 дугаар ээлжит чуулганаар байгалийн өвийн ангилалд Увс нуур болон түүний ай сав газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэжээ.

 

Связанные новости