Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг 130 байцаагч 3 чиглэлээр хянаж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2020-08-18 17:34:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс “COVID-19” цар тахлын дэглэмийн нөхцөлд хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллага ЕБС, цэцэрлэгүүд шинэ коронавируснээс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хамгаалалтыг хэрхэн сахиулж ажиллах, энэ талын бэлтгэл ажлын хангалтыг хянаж ажиллахаа өнөөдөр мэдээллээ. 

Энэ талаар МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн хэлэхдээ, “Бид бүх шатны сургалтын байгууллагад хийх хяналт шалгалтыг 8 дугаар сарын 20-ноос эхлүүлэн 2 үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн. Хяналт шалгалтыг боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний аюулгүй байдлын гэсэн 3 чиглэлээр хийж, энд 130 байцаагч 3 чиглэлээр хянаж шалгана" гэдгийг мэдэгдлээ. 


Боловсролын хяналтаар, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн сургалтын зохион байгуулалт, танхимын сургалтын хөтөлбөр, агуулга, сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичгийн хүрэлцээ хангамж, теле болон онлайн хичээлийн бэлтгэл, багшийн цагийн ачаалал зэргийг шалгана. 

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтаар, “COVID-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэг сахиулах бэлэн байдал хангагдсан эсэх, болзошгүй эрсдэл үүсэх үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлэн байдал хангагдсан эсэхийг,

Хүнсний аюулгүй байдлын хяналтаар, боловсролын сургалтын байгууллагын хоол, хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдлыг шалгах аж.

МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн хэлэхдээ, "Манай улс өндөржүүлсэн бэлэн байдлыг сайн хангасан, дотооддоо халдвар алдаагүй учраас сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх боломж бүрдсэн. Дэлхий нийтээр короновирусний халдвараар маш олон хүн өвдөж, өнөөдрийн байдлаар 1.6 тэрбум гаруй хүүхэд сургууль цэцэрлэгээс завсардаад байна. 


Тиймээс боловсролын үйл ажиллагаа тасрахгүй байх ёстой. Тэгж байж ирээдүйн бүтээн байгуулагч нарыг боловсруулж, бэлтгэж гаргана. Гэвч “COVID-19” цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор нэлээд хугацаанд танхимын сургалтын үйл ажиллагаа тасалдсан. Тиймээс энэ халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд дэлхий нийтээр мөрдөөд буй дэг журмыг баримталж, танхимаар хичээллүүлэх үйл явцыг удирдан зохион байгуулна” гэв. 


БШУ-ны сайдын тушаал, МХЕГ-ын хүлээх үүрэг даалгавар, мөрдөх дүрэм, журмын дагуу эцэг эхчүүд хүүхдүүдээ заавал сургуульд нь оруулж өгч байх, ямар нэгэн өвчний шинж тэмдэгтэй байвал хүүхдээ буцааж авч явах, мөн амны хаалт зүүж, гараа угаахыг хүүхэддээ шаардах, амин дэмтэй хоол өгөх, цэцэрлэгт явахад нь хоол, тоглоом өгч явуулахгүй байхыг зөвлөнө гэв.  

Мөн дүрэм, журмын хүрээнд сургуулиудын танхимын хичээлийг 3 үе шаттай эхлүүлэхээр болсон. 9 дүгээр сарын 1-нээс ЕБС, 9 дүгээр сарын 14-өөс МСҮТ, 10 дугаар сарын 5-наас их, дээд сургуулиудын хичээлийг эрүүл ахуй, халдвар хамгааллыг бэлэн байдлыг хянаж, шалгасны дараа танхимаар оруулна. МСҮТ, их дээд сургуулиудын онлайн хичээл 9 дүгээр сарын 1-нээс эхэлнэ.

Т.Энхтогтох

Гэрэл зургийг Н.Батбаяр


Связанные новости