C.Чулуун: Монгол бол Евроазийн соёл иргэншлийн цөм
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Монгол-Оросын иргэншил хоорондын харилцаа:түүхэн ба орчин үе” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэг аливаа улс үндэстэн бүр өөрийн уугуул хэв шинжийг хадгалж хамгаалахыг эрмэлзэж буй даяаршлын эрин үед “Чингис хаан” үндэсний музейгээс санаачлан Монголчуудтай угсаа гарвал хэл, соёл, шашин шүтлэгийн хувьд ойр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад, Тува, Халимаг улсад амьдарч буй иргэдийн угсаатны онцлог хүчин зүйлсийг судлах зорилготой юм.
Хэлэлцүүлгийн үеэр “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич C.Чулуун, “Монгол-Оросын харилцаа 1240 он буюу XIII зуунаас, элчийн харилцаа XVII зуунд эхэлсэн. Анх удаа 1616 онд Оросууд элчээ одоогийн Монгол улсын газар нутаг руу илгээж Хятадуудтай уулзсан. 1911 оны хувьсгалын үед хамгийн ихээр оролцсон. 1921 оноос хойш 70 гаруй жил, хоёр улсын харилцааны асуудал гэж үзэхэд сүүлийн 400 орчим жилийн турш Умард хөрштэйгөө харилцсаар ирсэн. Энэ харилцаа нь улс төр, эдийн засгийн, соёл иргэншил буюу соёлын харилцаа байна. Бид харилцаагаа голдуу улс төр, эдийн засаг, ахуйн харилцаагаар хардаг байсан. Хоёр улсын харилцааны гол хүчин зүйл болж буй Монгол хэлтэн төв нь Буриад, Тува, Халимаг улсууд. XVII зуунаас эхэлсэн харилцаанд монгол угсаатны бүлгэмүүдийн оролцоо, Монголчуудад ямар нөлөө үзүүлснийг бодитоор хэлэлцэж байна. Энэ харилцаа нь Евроазийн соёл иргэншлийн харилцааны гол жишээ тэр дундаа Монгол улс Оросын бүс нутгийн харилцаанд том нөлөөг үзүүлсэн. Орос улсад Алтан Ордны улс 200 гаруй жил нөлөөгөө үзүүлснийг Оросын түүх бичлэгт саяхныг хүртэл Монголын байлдан дагуулал, түрэмгийлэл гэж үздэг байсан бол өнөөдөр түүхчдийн хандлага өөрчлөгдөж, Монголчууд бүс нутагт соёл иргэншлийн цоо шинэ дорно дахины давалгааг авчирсан гэж Монголын түүхийг өөрөөр харж бичих болсон. Евроазийн соёл иргэншлийн тойрогт цөм нь Монгол. Монголын Алтан Орд улс Оросын газар нутагт оршин тогтнож байхдаа Орос орныг Өрнө дахинтай холбосон. Монголчуудын нөлөө хожмын Орос улсыг бүрэлдэхэд томоохон үүрэг гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч байгаа. XX зуунд Монголчуудыг өрнө дахинтай харилцахад Оросын нөлөө үүргээ гүйцэтгэж, Монголчууд өрнийн соёлыг хүртэх боломжийг олгосон. Өрнийн шинжлэх ухааныг Орос орноор дамжуулж хүртсэн гэдгийг мартаж болохгүй” гэв.
Мөн ОХУ-ын ШУА-ийн Холбооны судалгааны Социологийн хүрээлэнгийн Соёл иргэншил ба харьцуулсан улс төр судалгааны төвийн тэргүүн А.С.Железняков Иргэншил хоорондын харилцаа маш чухал учраас цаг үеэ олсон хэлэлцүүлэг болж байна. Монгол, Орос, Хятад гурван том орныг төв Евроази гэж нэрлэдэг. Үүн дотор хүмүүс, улс хоорондын харилцааг соёл иргэншлийн улс төрийн шинжлэх ухааны шинэ чиглэл нь маргаантай хэцүү асуудал хэдий ч ирээдүйтэй. Миний бодлоор соёл иргэншлийн улс төрийн шинжлэх ухааны шинэ чиглэлийг эхлүүлэхэд Монголын ШУА-ийн үе үеийн ерөнхийлөгч асан Б.Чадраа, Б.Энхтүвшин, Г.Чулуунбаатар нарын оролцоо Монголын түүхийг судлахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн” гэдгийг дурдсан байна.
Тус хэлэлцүүлэгт Монгол, ОХУ-ын найман эрдэмтэн, судлаачид оролцжээ.