Бээжинд коронавирусний халдвар авсан бүх хүн эдгэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын нийслэлд коронавирусний халдвар авсан хамгийн сүүлийн хоёр хүн эмнэлгээс гарч, цар тахал эхэлснээс хойш хотын эмнэлгүүд анх удаа нэг ч өвчтөнгүй боллоо гэж Бээжингийн Эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо мэдээлжээ.
Коронавирусний халдвар тархсанаас хойш Бээжинд 935 тохиолдол бүртгэгдсэний 335 нь бөөний худалдааны “Шиньфади” захад зургаадугаар сард гарсан дэгдэлтийн үеэр халдвар авсан байна. Цар тахлын байдал сайжирсантай холбогдуулан тус хотод халдварт өвчний хяналтын арга хэмжээг сулруулжээ. Хотын гудамжинд амны хаалт заавал зүүх шаардлагагүй боловч нийтийн тээврээр зорчихдоо, мөн дэлгүүр, кинотеатр, төрийн байгууллагууд болон хүн ихтэй бусад газраар явах хүмүүст хамаарахгүй.
Статистикийн мэдээллээс үзвэл, эх газрын Хятадад халдвар авсан хүмүүсийн 94.13 хувь нь эдгэрсэн байна. 2019 оны 12 дугаар сараас хойш халдварын тохиолдлын тоо 84900 давжээ. Сүүлийн долоо хоногийн хугацаанд 108 шинэ тохиолдол илэрсэн бол дөрөвдүгээр сарын 15-наас хойш нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд нас баралтын үзүүлэлт 5.45 хувьтай байна. Орон нутгийн эмнэлгүүдэд коронавирусний халдвартай 347 өвчтөн эмчлүүлж байна. Одоогийн байдлаар долоо хүний биеийн байдал хүнд байгаа аж. Өнгөрсөн хоногт 54 хүн эдгэрчээ.