БТС-ын салбарын эрдэмтэн, судлаачид саналаа нэгтгэхээр болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Спортын төв ордны Хурлын танхимд Биеийн тамирын улсын хороо /БТСУХ/-ны дарга Ц.Шаравжамц Биеийн тамир спортын салбарын эрдэмтэд, судлаачидтай хамтарсан уулзалт зохион байгуулав.
Тус уулзалтаар биеийн тамир спортын салбарын эрдэмтэд, судлаачидтай БТСУХ ойрын жилүүдэд хэрхэн хамтран ажиллах, зорилтын талаар тэдний санал, бодлыг сонсож, БТС-ын салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцав.
Тухайлбал, энэ салбарын судлаач эрдэмтдийн хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үндэслэж өнөөгийн Биеийн тамир спортын салбарын хөгжлийн түвшинг тодорхойлж нэгдсэн дүгнэлтэд хүрэх, сэтгэлгээний шинэчлэлт хийж ойрын зорилтоо тодорхойлох нь хамгийн эн тэргүүний ажил гэдэгт тэд санал нэгтэй байлаа.
Мөн хүн амын бие бялдрын хөгжилт чийрэгжилтийн түвшин тогтоох сорил маш хангалтгүй байгааг өөрчлөх, өнөөдөр өсвөр үеийнхэн болон сурагчид, оюутны бие бялдрын хүмүүжлийн асуудалд бүх түвшинд нэгдсэн ойлголтод хүрэх, тэдний оролцоо хүртээмжийг нэмэгдүүлэх, олон жил яригдаж байгаа биеийн тамир, спортын хэллэг, нэр томьёог цэгцлэх шаардлага байгааг оролцогчид онцолж байсан юм.
БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц: “БТС-ын салбарын тархи нь болсон эрдэмтэн, судлаач та бүхний санал, бодлыг сонслоо. Бид салбарынхаа хөгжлийн түвшинг хамтдаа үнэн зөв тодорхойлж, ойрын зорилт, хандлага, зүг чигийг та бүхний судалгаа, шинжилгээг үндэслэн бий болгох хэрэгтэй байна. Хамгийн богино хугацаанд үр дүнд хүрэх замыг сонгоё. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн хувьд улсын, хувийн гэлтгүй БТДС-иуд хамтраад хийж, төлөвлөж ажиллая. Спорт холбоодтой зөвшилцөөд дунд сургуулиуд спортын төрөлжсөн анги бий болгох боломж нээлттэй. Үндэсний шигшээ багийн тамирчдын хувьд өнөөдөр мэргэжлийн сэтгэл засалч хамгийн эрэлттэй байна. Үүнийг БТДС-иуд бодлогоор бэлтгэх хэрэгтэй байгаа. Спортын эмч мэргэжлээр 2 удаагийн төгсөлт хийсэн ч тэд энэ чиглэлээрээ ажиллахгүй байна. Тэднийг давтан сургаж, гадаадад мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хэрэгтэй газарт нь ажиллуулъя. Манай салбарын эрдэмтэн, судлаач та бүхэн мэдлэг туршлагаа нэгтгэж, хүчээ төвлөрүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэв.
Уулзалтын төгсгөлд, хамгийн орчин үеийн спортын судалгаа шинжилгээний шинэ тоног төхөөрөмжүүдийг Монголд оруулж ирээд байгааг оролцогч эрдэмтэн, судлаачид үзэж сонирхсон юм.
Э.Ариунзул