Пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн цомоос дөрвөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн цомын тэмцээн болж байна.
Манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор таван тамирчин өрсөлдөж, дөрвөн медаль хүртжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр дэлхийн цомын долоо дахь алтан медалиа гардаж байгаа нь энэ.
Тэгвэл залуучуудын 54 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд цээжнээс 151 кг-ыг шахсанаар алтан медалиар энгэрээ мялаалаа. Түүний хувьд эхний өргөлтөөр Азийн залуучуудын дээд амжилтыг шинэчилжээ. Харин сүүлийн өргөлтөөр залуучуудын ангиллын дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Түүнчлэн насанд хүрэгчдийн ангиллын 54 кг-ын жинд нийлбэр дүнгээр 443 кг-ыг шахсанаар мөнгөн медалиар энгэрээ мялаав.
Харин насанд
хүрэгчдийн 59 кг-ын жинд үндэсний шигшээ
багийн тамирчин Б.Алтангэрэл нийлбэр
дүнгээр 333 кг-ыг шахаж хүрэл медаль
хүртжээ.
Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр өндөрлөнө.