Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-09-24 16:58:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр маргааш өдөр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, иргэд, тариаланчдад анхаарууллаа.


2020 оны 9 дүгээр сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи секундэд 7-12 метр, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28, 29-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Связанные новости