Триатлоны спорт- Монголд болон дэлхийд
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/-ноос манай оронд хөгжиж буй спортын бүх төрлийн 2021 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний нэгдсэн хуваарийг гаргаад байгаа билээ.
Монголд хөгжөөд 15 жил болж буй Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/
дээрх хуваарийн дагуу 2021 оны долдугаар сарын 3-4-нд явуулах бол Триатлоны өсвөр
үеийн АШТ-ийг 8 дугаар сарын 12-нд, Дуатлоны УАШТ-ийг 5 дугаар сарын 22-нд тус тус зохион байгуулахаар
болжээ.
Ташрамд дуулгахад, Олон улсын триатлоны холбоо /ITU/ түүх болж, Дэлхийн триатлоны холбоо /World Triathlon/ болж шинэчлэгдлээ. Олон улсын триатлоны холбоо /ITU/ ийнхүү нэрээ шинэ брэнд болгосноор 31 жил хэрэглэсэн уг нэршлийг 2020 оны 10 дугаар сарын 1-нээс өөрчилж World Triathlon нэртэй болсон бол Ази тивийн триатлоны холбоо /ASTC/ нь нэрээ Asia Triathlon болгожээ. Ингэснээр спортоо дэлхий дахинд жигд хөгжүүлэхэд чухал хувь нэмэр өгч, орчин цагийн хандлагад хөл нийлүүлж байгаа аж.
“Шинэ нэрний цаана байгаа үндсэн мессеж бол Дэлхийн триатлон нь эхлэн
хичээллэгчээс олимпын аварга хүртлээ спортын олон шатыг төлөөлдгийг анх удаа
онцлов. Энэ нь бидний төлөө байгаа бүх зүйлийг илэрхийлдэг инноваци, хүсэл
эрмэлзэл, хамтын ажиллагаа, эрх тэгш байдал нь манай спортын гайхалтай ирээдүйг
хуваалцаж, дуу хоолойгоо хүргэх гол хүч хэвээр байх болно" гэж Дэлхийн
Триатлоны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Марисол Касадо онцлон хэлсэн байна.
Дэлхийн триатлоны шинэ лого дээрх гурван үндсэн элемент нь бүх триатлоны тамирчдын хуваалцдаг есөн зүйлийг илэрхийлдэг. Тухайлбал, Сэлэлт-Дугуй-Гүйлт, Бодол-Бие-Хүсэл, Газар-Агаар-Ус, Транзишний цэнхэр, Газрын ногоон, мөн Тэнгэр эрхсийн цэнхэр өнгийг илтгэж байна.
Дэлхийн түвшний, олимпод оролцдог спортын холбоод сүүлийн үед Олон улсын гэх нэрнээс
татгалзаж, Дэлхийн хэмээх нэртэй болж байгаа аж. Тухайлбал, Дэлхийн байт
харвааны холбоо, Дэлхийн хөнгөн атлетик, Дэлхийн бадминтоны холбоо, Дэлхийн
бейсбол софтболын холбоо, Дэлхийн каратэгийн холбоо, Дэлхийн скейт, Дэлхийн рэгби,
Дэлхийн завь, Дэлхийн таеквондо, Дэлхийн нэгдсэн бөх, Дэлхийн керлингийн холбоо
хэмээн солиод байгаа юм байна.
Триатлоны спорт нь 20 жилийн өмнө “Сидней-2000” зуны олимпын наадмын спортын төрөлд орж Олимпын их гэр бүлд анх удаа багтаж, анхны уралдаанаа явуулж байсан юм. Триатлоны спорт нь гурван спортын төрлөөр өрсөлдөж тамирчнаас асар их хүч, тэвчээр, ур чадвар шаарддаг гэдгээрээ онцлогтой юм.
Тодруулбал, Усанд
сэлэлт: Гол төлөв задгай усанд (нуур, далай, гол мөрөн) гурвалжин замд тойрч
уралддаг. Бөөн гараатай. Олимп, дэлхийн хэмжээний тэмцээний үед тавцангаас
үсэрч гарах ёстой. Задгай усанд сэлэх нь бассейнд сэлэхээс эрс ялгаатай байдаг.
Давалгаа ихтэйгээс гадна зүг чигээ тохируулж уралдах, хүйтэн усанд дасах чадвар
зэргийг шаарддаг. Усны зайгаа дуусгаад эрэг рүү гарч, солилцооны цэг
(transition area) дээр очно. Тэндээс дугуй, дуулгаа авснаар дугуйн уралдаанд
гарна. /Солилцооны цэгийн орчимд дугуйгаа хөтөлж явах ёстой/
Дугуй: Ерөнхийдөө уралдааны дугуйтай адилхан. Триатлоны дугуйнд
шаардлагатай нэгэн зүйл нь хол замд тамирчдыг бага ядраах зорилгоор гарны
тавиур хэрэглэдэг.
Гүйлт: Жирийн гүйлтээс ялгаатай. Учир нь өмнөх 2 төрлийг гүйцэтгэсний эцэст
тамирчид шингэний ихээхэн дутагдалтай гүйдэг. Шингэн үргэлжлүүлэн дутагдвал
тамирчны ажиллах чадвар эрс буурдаг байна.