Монголын тамирчид Азийн залуучуудын наадмаас 18 медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Азийн залуучуудын III наадам Бахрейны Манама хотод болж, өнөөдөр хөшгөө хааж байна.
10 өдрийн турш үргэлжилсэн энэхүү наадмыг Монголын баг тамирчид таван мөнгө, 13 хүрэл, нийт 18 медаль хүртсэн амжилтаар дуусгалаа. Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр жюү жицүгийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд О.Живамэдмаань мөнгөн медалиар энгэрээ мялаав. Тэрбээр эхний тойрогт хийлж, дараа нь Филиппин, Тайландыг тус бүр 2:0-ээр ялсан ч финалд өөр нэг тайланд бөхөд дийлдсэнээр мөнгөн медаль дээр буужээ. Тэгвэл жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-д “Хилчин”-ий Б.Тэмүүлэн, -90 кг-д “Монголын жүдо академи”-ийн Б.Мөнгөндөл, +90 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн С.Мөнх-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн -70 кг-д Өвөрхангай аймгийн тамирчин Х.Буянжаргал, +70 кг-д “Женко” клубийн Б.Номуунзаяа нар хүрэл медаль хүртжээ.
Азийн залуучуудын наадамд 45 орны 4000 гаруй тамирчин өрсөлдсөнөөс манай улс багийн дүнгээр 30 дугаар байрт шалгарлаа.
Энэхүү наадмыг Хятадын баг 63 алт, 49 мөнгө, 35 хүрэл, нийт 147 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Узбекистан 37 алт бүхий 81, Казахстан 24 алт бүхий 93, Иран 22 алт бүхий 76, Тайланд 15 алт бүхий 48 медальтай эхний тавд жагсав.
Азийн залуучуудын наадамд оролцсон 45 орноос 36 нь ямар нэгэн байдлаар медаль хүртсэн бөгөөд үүнээс 29 улсын тамирчид алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлжээ.



 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    