Эмэгтэй чөлөөт бөхөд олон арван Энхжаргал төрөхийг ерөөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” халдварын улмаас насанд хүрэгчдийн
Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хойш 9 сар гаруй хугацаанд тэмцээн уралдаангүй нам жимхэн байсан Монголын чөлөөт бөхийнхөн энэ өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Хорио цээр цуцлагдсанаар бөхөд дуртай, үнэнч дэмжигчид бөхөө үзэж, ярих сэдэв нэмэгдээд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн цомын тэмцээнийг зохион байгуулсан. Харин даваа гарагт гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргалын нэрэмжит насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн анхдугаар цомын тэмцээн боллоо.
Эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд анхны ДАШТ-ий медальт, гавьяат тамирчин, Азийн аваргын мөнгөн медальт, Азийн хошой аварга гээд анхдагч, булган сүүлтэй бүсгүй өөрийнхөө нэрэмжит зодог тайлах ёслолоо хийсэн юм. УАШТ, “Mongolia Open” ОУТ-ээс өөр эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 10 жингийн ангиллаар зохион байгуулсан тэмцээн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд болоогүй билээ.
Тэмцээнийг нээх ёслолд Зам тээврийн хөгжлийн сайд, МЧБХ-ны ерөнхийлөгч асан Л.Халтар, МЧБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Ж.Түмэн-Аюуш, Б.Өнөбаатар, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Ардын багш, гавьяат дасгалжуулагч А.Басхүү, түүний амжилттай салшгүй холбоотой, анхны багш, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Ц.Энхжаргалын ээж, ах дүү, найз нөхөд нь оролцов.
Энэ үеэр
Ц.Энхжаргал гавьяат ДАШТ-ий медальт эмэгтэй бөхчүүд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн
ачит багш нартаа хүндэтгэл илэрхийллээ. Түүнчлэн одоогоос 52 жилийн өмнөх энэ өдөр
Мехикогийн олимпын наадмаас Монголын чөлөөт бөхийн дөрвөн тамирчин медаль
хүртсэн Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав болон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин
Ж.Мөнхбат агсны гэргий Ө.Тамир, гавьяат тамирчин Т.Артаг агсны гэргий
Д.Баярлах, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ц.Нацагдорж агсны гэргий Я.Насанбат
нарт дурсгалын зүйл гардуулсан юм. Түүнд МЧБХ, МҮОХ, Монголын чөлөөт бөхийн үе
үеийн эмэгтэй шигшээ багийн тамирчид, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутгийн
зөвлөл, ҮБТДС, “Шонхор” сургууль, ах дүү, найз нөхөд нь шил шилээ даран хүндэтгэл
илэрхийлэв.
Ц.Энхжаргал дэвжээгээ үнсэж, борцовко /гутал/ тайлж албан ёсоор зодог тайлсан нь сэтгэл хөдөлгөм агшин байлаа. Тэрбээр өөрийн жингийн дүү, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга ОУХМ Ц.Намуунцэцэгт борцовко гардуулан өгсөн.
Энэхүү 17 баг өрсөлдсөн тэмцээний багийн дүнг гавьяат
дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 187 оноогоор
багийн дүнгээр тэргүүлж, ОУХМ Г.Наранчимэг дасгалжуулагчтай “Хилчин” спорт
хороо 155, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 130
оноогоор хоёр, гуравдугаар байрыг эзэллээ. Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар
С.Мөнхдуулдах, шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав, өсөх ирээдүйтэй
тамирчнаар өнгөрсөн жилийн өсвөр үеийн Азийн аварга Б.Марал нар тодров.
Монголын эмэгтэй чөлөөт бөхийн түүхэнд анхдагч болсон Ц.Энхжаргал гавьяатын
ажил амьдралд сайн сайхны ерөөл дэвшүүлж, хүндэтгэл илэрхийлсэн юм.
Тус тэмцээний дүн:
50 кг:
1. Ц.Намуунцэцэг (Хас-Мегастарс)
2. Ч.Отгонтуяа (Алдар)
3. Д.Отгонжаргал (Женко)
3. Б.Баярмаа (Женко)
53 кг:
1. Б.Хулан (Аврагч)
2. Н.Анударь (Хилчин)
3. М.Мөнхгэрэл (Женко)
3. Б.Отгонтуяа (Алдар)
55 кг:
1. Г.Отгонжаргал (Алдар)
2. Э.Сумъяа (Хилчин)
3. Б.Болортуяа (Женко)
3. Б.Дөлгөөн (Налайх)
57 кг:
1. Б.Хонгорзул (Женко)
2. Б.Ганцэцэг (Хасу-Мегастарс)
3. Б.Болор-Эрдэнэ (Алдар)
3. Б.Халиунаа (Орхон аймаг, Ирээдүйн одод)
59 кг:
1. Б.Шоовдор (Аврагч)
2. Э.Даваачимэг (Хилчин)
3. М.Ренцэнханд (Хангарьд)
3. Б.Сансармаа (ИЗОУС)
62 кг:
1. Э.Гантуяа (Хилчин)
2. С.Цэрэнчимэд (Алдар)
3. Х.Болортуяа (Аврагч)
3. П.Номин-Эрдэнэ (Алдар)
65 кг:
1. З.Болортунгалаг (Хилчин)
2. Т.Энхжин (Мон-Алтиус)
3. Б.Майцэцэг (Мон-Алтиус)
3. Б.Лхам (МУБИС)
68 кг:
1. Ө.Пүрэвсүрэн (Хүч)
2. Б.Дэлгэрцэцэг (Аврагч)
3. З.Бишрэлт (Спортын төв сургууль)
72 кг:
1. Э.Даваанасан (Алдар)
2. Ш.Түмэнцэцэг (Хилчин)
3. Д.Цогзолмаа (Орхон аймаг, Ирээдүйн одод)
76 кг:
1. О.Бурмаа (Женко)
2. Г.Ариунжаргал (Алдар)
3. Н.Загардулам (Хилчин)
3. Ө.Одбаг (ҮБТДС)