ТИКА-гийн дэмжлэгээр сүү, сүүн бүтээгдэхүүний “Хантайширын шим” хоршоо байгууллаа

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2020-12-25 20:27:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүү, сүүн бүтээгдэхүүний “Хантайширын шим” хоршоог байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Уламжлалт цагаан идээг үйлдвэрийн аргаар боловсруулах, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мөн ажлын байр нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой энэхүү цехийг Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн 34.5 мянган долларын санхүүжилтээр байгуулсан байна. Нээлтийн ажиллагаанд ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн дарга Эмрах Устаомер, хөтөлбөрийн дэд дарга Сибэл Гүнэй, хөтөлбөрийн ажилтан К.Серкбол, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн гүйцэтгэгч компанийн захирал н.Гилимхан болон орон нутгийн удирдлагууд, “Хантайширын шим” хоршооны төлөөллүүд оролцлоо.

Энэ оны долоодугаар сард “Хантайширын шим” хоршооноос сүү, сүүн бүтээгдэхүүний цех байгуулах хүсэлтээ ТИКА-д илгээж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн санаачилгын үр дүнд 11 өрхийн 20 гаруй иргэн байнгын ажлын байртай болж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болжээ. Тус цех нь сүүг үйлдвэрийн аргаар, төрөл бүрийн цагаан идээг боловсруулах тоног төхөөрөмж суурилуулсан, хадгалах стандарт хөргүүрийн лабораторитой, ариутгал, халдваргүйтгэлийг дээд зэргээр бүрдүүлснээрээ давуу талтай юм. 

“Хантайширын шим” хоршооны захирал Ариунжаргал: “Одоогоор өдөр тутамдаа шууд хэрэглэж болохуйц сүү, тараг, аарц, өрөм гэх мэт 14 төрлийн сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн орон нутгийн хэрэглэгчдэдээ нийлүүлэхэд бэлэн болоод байна. Энэ зуны тухайд манай аймагт өвс ногооны гарц муу байсантай холбоотой орон нутгийн малчдаас сүү авах боломжгүй тул одоогоор хил залгаа Ховд аймгаас авч байна. Цаашид бид үйлдвэрлэлийнхээ чадлыг бүрэн ашиглан, зөвхөн өөрийн төдийгүй бусад аймагт сүү, сүүн бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг зорьж байна” гэлээ.

ТИКА олон улсын байгууллага нь манай улсын дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, усны эрүүл ахуй зэрэг салбарт олон төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаа юм. Тодруулбал, тус агентлаг нь 1994 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж нийт 725 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.