Говь-Алтай аймагт Грассрүүтс хүүхдийн фестиваль болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-03 12:03:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос улс орон даяар нийтийн хөл бөмбөгийг хөгжүүлэх, таниулах гол зорилгоор 6 аймагт "Грассрүүтс сургалт" зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Говь-Алтай, Дорнод, Дархан-Уул аймгуудад эхний ээлжийн сургалтыг эхлүүллээ


Грассрүүтс хөл бөмбөгийн сургагч багш бэлтгэх, фестиваль зохион байгуулах хамгийн эхний сургалтыг Говь-Алтай аймагт 2020 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 2-нд амжилттай зохион байгуулав. Говь-Алтай аймагт МХБХ-ны Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхзул, сургагч багшаар ОУХМ Б.Гарьдмагнай, спортын мастер Б.Ганбат, Грассрүүтсийн элч төлөөлөгчөөр ОУХМ Э.Ганзориг нар томилогдон ажиллав.



Энэхүү 3 хоног үргэлжилсэн онол, практик хосолсон сургалтад төвийн болон сумдын ЕБС-иудын нийт 20 багш оролцож, грассрүүтс хөл бөмбөгийн сургалтын анхан шатны мэдлэгтэй болж, фестиваль зохион байгуулах ур чадварт суралцжээ. Нийт оролцогчид сургалтын хугацаанд идэвхтэй, бүрэн оролцоотой байж, сурсан зүйлээ 11 дүгээр сарын 2-нд зохион байгуулсан Грассрүүтс хүүхдийн фестивалийн үеэр хэрэгжүүлэв. Грассрүүтс фестивальд 10-12 насны 120 хүүхэд оролцжээ. Грассрүүтс фестивалийг нээх ёслолд аймгийн удирдлагууд оролцож, Говь-Алтай аймагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа МХБХ-нд талархал илэрхийлэв.


МХБХ-ны Ажлын хэсэг аймгийн удирдлага, бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж, Говь-Алтай аймгийн гишүүн холбооны үйл ажиллагааг цаашид сайтар дэмжиж хамтран ажиллах талаар ярилцаж Засаг дарга болон ЗДТГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Мөн Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбооны удирдах зөвлөлтэй уулзаж, шинэ офиссын гэрээг баталгаажуулж, МХБХ-ноос дэмжлэг болгож компьютер гардууллаа.


Говь-Алтай аймгийн хувьд өсвөрийн хөл бөмбөгийн хөгжилд онцгой анхааран ажиллаж байгаа бөгөөд хэдхэн долоо хоногийн өмнө охидын шигшээ баг байгуулсан юм. Грассрүүтс сургагч багшийн сургалтын үеэр оролцогчид, өсвөрийн багууд болон МХБХ-ны сургагч багш нарын хооронд гурван удаагийн нөхөрсөг тоглолтыг хийж Говь-Алтай аймгийн багууд туршлага хуримтлуулж мэдлэгээ тэллээ.



Сургалтын хувьд 3 хоног үргэлжлэх бөгөөд бүх аймгуудад ижил стандартын дагуу, нэг системээр сургалтыг явуулж байна.  Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA /-ны дэмжлэг, Европын хөл бөмбөгийн холбооны дэмжих хөтөлбөр, Английн хөл бөмбөгийн холбооны тусламжтайг зохион байгуулж буй энэ сургалтад ойролцоогоор мянга гаруй хүүхэд хамрагдах юм.



Аймаг бүрд МХБХ-ны Грассрүүтс сургагч багш нар ажиллахын сацуу Үндэсний шигшээ багийн тамирчин, элч төлөөлөгч нар ажиллаж хөл бөмбөгт хайртай хүүхэд багачуудтай уулзалт хийж, тэдэнд урам зориг өгч, хамтдаа тоглон, хамт гэрэл зураг авахуулан дурсгаж байгаа аж. 

Связанные новости