Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат ажлаа хүлээн авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн Засаг
даргаар М.Идэрбатыг батламжилснаар тэрээр өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Тус аймгийн
18 дахь Засаг даргаар томилогдож буй М.Идэрбатад, Ж.Эрдэнэбаатар үүрэгт ажлаа төрийн
хууль ёсны дагуу хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгөв.
Ж.Эрдэнэбаатар төрийн
тамгаа хүлээлгэн өгсний дараа цаашид Сүхбаатар аймагт хэрэгжих томоохон төсөл
хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын төслийн ажил, аймгийн дэлгэрэнгүй танилцуулга,
хамгийн сүүлд гаргасан нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн байдал, 2020 оны газар
зохион байгуулалтын төлөвлөгөө, Сүхбаатар аймгийн урт хугацааны хөгжлийн
ерөнхий төлөвлөгөө гээд албан чухал бөгөөд шаардлагатай бичиг баримтыг шинэ даргад албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.
Ж.Эрдэнэбаатар
хэлэхдээ, Миний хувьд улс төрийн амаргүй цаг үед аймгийн Засаг даргын ажлыг хүлээн
авч, 2,8 жилийн хугацаанд олон сайхан хүмүүстэй гар нийлэн ажиллалаа. Анх ажил
авахдаа хийнэ, үргэлжлүүлнэ гэж хэлж байсан ажлуудаа ихэнхийг нь амжилттай хэрэгжүүллээ.
Төрийн залгамж халааг амжилттай үргэлжлүүлж, орон нутаг, ард иргэдийнхээ төлөө
олон оновчтой шийдвэрийг гаргаж, хэрэгтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг
хийгээрэй гэж хүсье. Аймгийн Засаг дарга гэдэг үнэхээр нэр хүндтэй, олны хайр
хүндэтгэлийг хүлээсэн сайхан ажил. Тиймээс аймгийн 62 гаруй мянган иргэнийг
алаг үзэлгүй ижил тэгш хандаж, бүх хүний аав шиг, эцэг шиг нь хандахыг эцэст нь
аминчлан захъя гэв.
М.Идэрбат,
аймгийн Засаг дарга гэх эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээн
авлаа. Эв эеийг эрхэмлэн, хэрхэн хамтарч ажиллаж болдог гэдгийг өнгөрсөн хугацаанд
Ж.Эрдэнэбаатар дарга өөрийн биеэр үлгэрлэн харууллаа. Үе үеийн дарга нарын
ажлыг үргэлжлүүлэн, нэрийг нь өндөрт өргөн ажиллах болно гэдгээ илэрхийлэв.