Хөл бөмбөгийн ууган мастер Г.Банзрагчийн нэрэмжит тэмцээн хойшлогдож магадгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн ууган зургаан мастерын нэг, анхны шигшээ багийн тоглогч, улсын шүүгч Г.Банзрагчийн нэрэмжит футзалын тэмцээнийг 11 дүгээр сарын 14-15-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд МХБХ-ноос зохион байгуулахаар төлөвлөжээ.
Г.Банзрагч нь 1959 онд
МХБХ-г үүсгэн байгуулагчийн нэг төдийгүй Ерөнхий нарийн бичгийн даргаар 13 жил
ажиллаж байсан түүхтэй. Монгол улсын хөл бөмбөгийн анхны шигшээ багт тоглож
явсан Г.Банзрагч мастер сурсан мэдсэнээ хойч үедээ өвлүүлж, зуу зуун шавь
бэлтгэсэн юм байна.
Тэрбээр, Монголын анхны ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаярт хөл бөмбөг хэмээх агуу спортын “А” үсгийг заасан сурган хүмүүжүүлэгч аж. Иймд МХБХ-ноос өдгөө 82 настай Г.Банзрагч гуайн нэрэмжит тэмцээнд ач холбогдол өгч, зохион байгуулахаар ажиллаж байна.
МХБХ болон Ахмадын
зөвлөлийн төлөөлөл болсон Г.Банзрагч мастерын нэрэмжит тэмцээний тов “COVID-19”
халдварын улмаас хойшлогдох магадлалтай болоод байгаа юм.