Хүнсний дэлгүүрүүд 08:00-21:00 цагийн хооронд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-12 13:57:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн нутаг дэвсгэрт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хийх зохицуулалт, аймаг, сумдын Онцгой комиссын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллах Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн үйлчилгээтэй цайны газар, сүлжээ хоолны газар, баар, ресторан, караоке, кафе, саун, үзвэр үйлчилгээний газар, театр, зочид буудал, дэн буудал, спорт заал, цахим тоглоомын газар, амралт, сувиллын газар, фитнес, иогийн клубүүдийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг гаргажээ. Мөн олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан, аялал зугаалга, сургалт, семинарын бүх төрлийн нэгдсэн үйл ажиллагааг цуцалж, хүний төвлөрөл үүсгэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.

Мөн Хүнсний худалдаа, үйлчилгээний газар болох хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах худалдаа болон сүлжээ хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 08:00-21:00 цаг хүртэл тогтоов. Хязгаарласан хугацаанд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байж, худалдан борлуулахыг хориглох, үйлчлүүлж буй иргэдийн биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гарыг ариутгах, амны хаалтны хэрэглээг хэвшүүлэх, амны хаалтгүй, биеийн халуунаа үзүүлэхээс татгалзсан иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй байхыг мөн анхааруулсан юм.

Түүнээс гадна томоохон зах, худалдаа, үйлчилгээний төвийн дотор, гадна орчинд халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэхийг Мэргэжлийн хяналтын газар, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

Бага насны хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хараа хяналтгүй үлдээхгүй байх, олон нийтийн үйлчилгээний газраар дагуулж явахгүй байх, нутгийн захиргааны болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, байгууллагын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-д байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэхийг тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, эрхлэгч нарт даалгав.

Аймгийн хэмжээнд төвлөрсөн суурин газрууд руу орох, гарах орон нутгийн чанартай авто замуудад зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр хугацаагаар  хязгаарлалаа.

Тус аймгийн хэмжээнд эрүүл мэндийн шалтгаанаар болон Онцгой комиссын хойшлуулшгүй ажлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үйлдэх тохиолдолд аймаг, сумдын Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлийн бичгээр явуулж, хяналт шалгалтыг хийж, холбогдох дүрэм, журмын дагуу ажиллахыг холбогдох албаныханд даалгав. Эргүүл хяналтын пост гарган, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдэд амны хаалтаа зүүх, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахыг аймгийн Онцгой комиссын Гамшгаас хамгаалах албадын дарга нарт мөн даалгажээ.  

Связанные новости