Д.Өлзийт: Аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-11-12 15:18:51

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс өнөөдөр өглөө хуралдаж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар болсон бөгөөд энэ талаар аймгийн ОБГ-ын орлогч дарга, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Өлзийтөөс тодрууллаа.


-Аймгийн Онцгой комиссын өглөөний хурлаар ямар арга хэмжээнүүдийг авч ажиллахаар шийдвэрлэсэн бэ?

-Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 12-17-ныг дуусталх хугацаанд улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал, энэ сарын 12-17-ныг дуусталх хугацаанд аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Үүнтэй холбогдуулан төрийн байгууллагууд өнөөдрөөс эхлээд ажлын тусгай горимд шилжин ажиллаж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөцийг тогтоох, танилцуулах, орон нутгийн нөөц бүрдүүлэх чиглэлийг холбогдох албаны хүмүүст даалгасан.

Мөн өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах, эрчимжүүлэх чиглэлийг мэргэжлийн байгууллага, сумдын удирдлагуудад үүрэг болгосон.

Үүнээс гадна аймгийн төв рүү орж, гарах гурван чиглэлд өчигдрөөс эхлээд хяналтын пост гаргасан. Эдгээр хяналтын постуудын үйл ажиллагааг  эрчимжүүлэх, ачаа тээврийн автомашинуудын хяналтыг чангатгах, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийх үүрэг чиглэлийг өгөөд байна. Тэрчлэн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, дайчлан гаргах хүч хэрэгслийн бүртгэл тооцоо, бэлэн байдлыг хангаж ажиллахыг гамшгаас хамгаалах мэргэжлийн албадын дарга нарт үүрэг болгосон.

Тусгаарлах байрыг яаралтай бэлэн болгох, Улаангом политехник коллежийг тусгаарлах байрны зориулалтаар бэлдэх чиглэлээр үүрэг даалгавар өгсөн.  

-Одоогоор манай аймагт сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдсан хүн байгаа юу?

-Одоогийн байдлаар Улаанбаатар хотод “Хархан нүдэн” тоглолт үзсэн гэх өгүүлэмжтэй гурван иргэн гэрийн ажиглалтад байна. Тэдний орох, гарах хөлдөлгөөнд хяналт тавьж, заавар зөвлөмж өгч байгаа. Эдгээр иргэдийн хувьд сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байгаа бөгөөд эрсдэл бүхий газраас ирсэн гэдэг утгаар нь хяналтад авч урьдчилан сэргийлж буй учир иргэд айж сандрах зүйлгүй. Эрүүл мэндийн байгууллагаас хяналт, шинжилгээг тогтмол хийж байна.

-Иргэдэд хандаад ямар зөвлөмж өгөх вэ?

-Хамгийн гол нь ард иргэд эх сурвалжтай бодит мэдээлэлд тулгуурлаж, цахим орчин дахь худал мэдээлэлд автахгүй, айж сандрахгүй баймаар байна. Мөн амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж ариутган, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхааруулж байна.

-Танд баярлалаа. 

Связанные новости