ХӨСҮТ-д амьсгалын аппаратууд нэмж суурилуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын эсрэг Монгол Улсын Засгийн газраас явуулж буй хариу арга хэмжээг олон улсын байгууллагууд дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт ажиллаж, ДЭМБ-аас хандивлаж буй 96 мянган ам.долларын үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног, төхөөрөмжийг гардуулан өглөө.
Энэ үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ “Коронавируст цар тахлыг Монгол Улс хохирол багатай даван туулахад ДЭМБ-аас бүхий л талаар дэмжин хамтран ажиллана. Бид цаашид хэрэгцээтэй байгаа бусад тоног, төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, "COVID-19"-ийн цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ үндсэн хоёр чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Үүнд, нэгдүгээрт, халдварын тархалтыг хурдан барьж авч зогсоох. Хоёрдугаарт, бүх нийтийг хамарсан тархалт боллоо гэж үзэхэд хохирол багатай даван туулахын тулд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх тал дээр төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа"-г онцлов.
Эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна.
Тэрээр, “Өнгөрсөн хугацаанд бид "COVID-19"-ийн бэлэн байдлыг хангаж Цэргийн төв эмнэлэгт 440, ХӨСҮТ-д мөн 400, Яармагийн шинэ төрөх эмнэлэгт 500 ор бэлдсэн. Шаардлагатай тохиолдолд эдгээрийн 10 хувийг эрчимт эмчилгээний зориулалтаар ашиглана" гэдгийг мэдэгдлээ. "Өнөөдөр бид Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна. Мөн нэмэлтээр ДЭМБ-аас хандивласан эмч, ажилчдын хамгаалах хувцас, амьсгалын аппарат, монитор гээд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч, эмнэлгүүддээ хүлээлгэн өгч байна" гэв.
ХӨСҮТ-ийн эрчим эмчилгээний тасаг 20 амьсгалын аппараттай ажиллаж байгаагаас өнөөдөр нэмэлт аппаратуудыг суурилуулж эхэллээ.