Италид халдвар эрт тархсан байж магадгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
РОМ. /Reuters/.
Италид шинэ коронавирусний халдвар
2019 оны есдүгээр сард тархсан байж болохыг тус улсын Милан хот дахь Хавдар судлалын
үндэсний хүрээлэнгийн судалгаагаар тогтоожээ. Ингэснээр халдвар БНХАУ-аас өөр улс орнуудад
түүнээс ч эрх тархсан байж болзошгүй юм.
Дэлхийн эрүүл
мэндийн байгууллагын /ДЭМБ/
мэдээлснээр, “COVID-19” амьсгалын замын халдварт өвчнийг
үүсгэдэг шинэ коронавирус БНХАУ-ын төв нутгийн Ухань хотод өнгөрсөн оны сүүлээр
илрэхээс өмнө уг халдварын тохиолдол огт бүртгэгдээгүй байсан юм. Гэвч вирус
дэлхийн хаана ч мэдэгдэхгүйгээр тархаж байсныг үгүйсгэх аргагүй гэж ДЭМБ
мэдээлсэн байна.
“Бид Италид
хийсэн судалгааны дүнг нягталж байгаа бөгөөд нэмэлт мэдээллийг энэ долоо
хоногийн амралтын өдрүүдээр танилцуулна” гэж ДЭМБ даваа гарагт мэдээлжээ.
Италид “COVID-19” халдварын анхны тохиолдол энэ оны
хоёрдугаар сарын 21-нд хойд нутгийн Ломбарди мужийн Милан хотын ойролцоох жижиг
тосгонд бүртгэгдсэн юм.
Харин “Tumori” шинжлэх ухааны сэтгүүлд Италийн судлаачдын
нийтэлсэн судалгаанд дурдсанаар, 2019 оны есдүгээр сараас 2020 оны гуравдугаар
сарын хооронд уушгины хавдрын үзлэгт сайн дураар хамрагдсан 959 эрүүл хүний 11.6
хувьд коронавирусний эсрэг биет хоёрдугаар сараас өмнө үүссэн байсан ажээ.
Мөн “Siena” их сургуулиас явуулсан “SARS-CoV-2” коронавирусний эсрэг биет илрүүлэх шинжилгээний
дүн дээрх мэдээллийг нотолсон байна. “Судалгааны үеэр 10 дугаар сарын эхний
долоо хоногт хамаарах халдварын дөрвөн тохиолдлын эсрэг биетийн шинжилгээний
хариу эерэг гарсан нь тэд есдүгээр сард халдвар авсныг харуулсан” гэж судлаач Жованни
Аполон “Reuters” агентлагт
мэдээлсэн байна.
“Судалгааны гол
ололт нь халдварын шинж тэмдэг илэрдэггүй хүмүүсийн шинжилгээний хариу эерэг гардгаас
гадна тэдний биед вирусийг устгах чадвартай эсрэг биет үүсдэг болохыг тогтоосон
явдал байсан” гэдгийг Ж.Аполон онцолжээ. Үүнээс үзэхэд шинэ коронавирус хүн
амын дунд урт хугацааны турш, аминд бага халтайгаар тархаж болох бөгөөд энэ нь вирус
устаж үгүй болж байгааг бус харин дахин тархах эрсдэлтэйг харуулж байна гэж
тэрбээр хэлжээ.
Мөн Италийн
судлаачдын “Reuters”
агентлагт мэдээлснээр, Ломбардид 2019 оны сүүлийн хагаст уушгины хатгалгаа, томуугийн
өвчлөл хүндэрсэн тохиолдол ердийн үеийнхээс харьцангуй өндөр үзүүлэлттэй байснаас үзэхэд шинэ коронавирус одоогийн тооцоолж байгаагаас хамаагүй эрт тархсан байж
болзошгүй ажээ.