Аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдааны тов гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-11-18 13:55:12

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 17-ны өдөр цахимаар хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд: аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн гуравдугаар хуралдааныг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд Нутгийн удирдлагын ордны хуралдааны танхимд хуралдуулахаар товлон зарлалаа. Мөн аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байнгын дэг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталсан юм. Үүнээс гадна аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж салбар бүртээ үр бүтээлтэй олон жил ажилласан, ажиллаж байгаа зарим иргэнийг төрийн дээд одон медалиар шагнуулах асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо.

Увс аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус хоёрдугаар хуралдаан энэ сарын 13-ны өдөр цахимаар хуралдаж, аймгийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцээд АН-ын дарга Ч.Чимэдийг томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хоёр дахь удаагаа өргөн мэдүүлээд байна. 

Одоогоор Увс аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болон тэргүүлэгчдийн хурлыг тус бүр нэг удаа цахимаар хийгээд байна.

Связанные новости