Том оврын автобусаар улс хооронд зорчигч тээвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани нь 45 хүний суудалтай том оврын автобусаар ОХУ-ын Тува улсын Кызыл хот болон Горьний Алтай, Абакан, Красноярсийн чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж эхлээд байна.
Эхний ээлжийн хүмүүс өнгөрсөн долоо хоногт аялаад ирсэн бол дараагийн ээлжийнхэн өчигдөр Кызыл хотыг зорилоо. Энэ удаагийн аялагчдын ихэнх нь Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3-р сургуулийн бага ангийн багш нар бөгөөд тэд ОХУ-ын Кызыл хотын бага сургуулиас туршлага судлахаар 18 хүний бүрэлдэхүүнтэй хил давсан байна.
“Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани нь Улаангом-Улаанбаатар- Улаангомын чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэгээс гадна Улаангом хот дотор жижиг оврын автобусаар зорчигч тээвэрлэдэг юм. Өмнө нь ОХУ-ын томоохон хотуудаар аялах боломж Увсчуудад тэр бүр олддоггүй байсан бол “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн хамт олон том оврын тохилог автобусаар тав тухтай, аюул осолгүй аялах үүд хаалгыг нээгээд байна.
Эдгээр хотууд руу үзвэр үйлчилгээ үзэх, аялаж зугаалах, худалдаа наймаа хийх сонирхолтой хүмүүс аялах боломжтой аж.
Увс аймаг Б.Батхүү