ХӨСҮТ: Гаалийн байцаагчийн халдварын эх сурвалжийг бүрэн тогтоох хугацаа болоогүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-16 12:06:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын дараа эмч, мэргэжилтүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Гаалийн байцаагч халдвар хаанаас авсныг тогтоосон уу?

А.Амбэсэлмаа: -Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал халдварын эх сурвалжийг тандан судалж байна. Хэд хэдэн таамаг байгаа. Одоогоор халдварын эх уурхайг гүйцэд тогтоох хугацаа арай болоогүй байна. Амьсгалын замын өвчний үед Монгол Улсад өргөн голомт бүртгэгдэж байгаа учир халдварын эх уурхай хаанаас ч  гарч болно. Тандалт судалгаа үргэлжилж байна.


-Монгол Улс иргэдээ хэзээнээс вакцинжуулж эхлэх вэ?

Д.Нарангэрэл: Дархлаажуулалт вакцины тухай өмнө нь мэдээлж байсан. Дэлхийд 10 гаруй вакцин хөгжүүлэлтэд яваа. Дэлхийн 4 орон дархлаажуулалт буюу "COVID-19" халдварын эсрэг вакцинжуулалтыг эхэлсэн байгаа. Манай улсын хувьд Ерөнхий сайдын захирамжийн дагуу Сангийн сайдаар ахлуулсан ажлын баг ажиллаж байна.  Дэлхийн банкны "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын хөрөнгөөр вакцин авах талаар ажиллаж байгаа.


-Сэлэнгэ аймаг болон төмөр зам дагасан халдвар хаанаас илэрсэн талаар эцсийн дүгнэлт гарсан уу?

-Халдварын эх уурхай батлагдсан тохиолдлоос халдвар дамжиж тархдаг. Халдвар агаар дуслын замаар буюу өвчтэй хүний ханиах, найтаах, шүлсний дусалтай хамт тардаг. Иймээс тухайн үед батлагдсан тохиолдол эмнэл зүйн шинж тэмдэгтэй  байсан уу гэх мэтээр гүнзгийрүүлсэн судалгаа хийж байж эцсийн дүнг танилцуулна.


- Цахим орчинд гарсан PCR шинжилгээ хийдэг газраас халдвар илэрсэн гэсэн мэдээлэл хэр баттай вэ?

-Лабораторийн шинжилгээ хийдэг хүмүүс халдварт өртөх эрсдэл маш өндөр, энэ эрсдэл дэлхий дахинаа ч байгаа. Дэлхий дахины эмнэлгээс шалтгаалах халдварын байдалд хийсэн дүгнэлттэй харьцуулахад, манай улсад мөн ажилбаруудынхаа үед халдвар авах эрсдэл бий. Хамгаалах хэрэгслийн хэрэглээ, ажлын байрны ажил үйлчилгээтэй холбоотой эрсдэлд орох явдал гарч байна. Тиймээс PCR шинжилгээний газраас халдварласан гэж ойлгож болохгүй. Нэг хүн халдварлаж, эмчилгээнд орсон, биеийн байдал сайн байгаа. 


-Австрали, БНХАУ-ын харилцаанаас болж Монгол Улсын нүүрс эрэлттэй болох магадлалтай. Тиймээс Өмнөговь  аймагт халдвар хамгааллыг хангах дэвшилтэт үйл ажиллагаа явуулж байгаа юу?

Б.Ууганбаяр: -Монгол Улсын Засгийн газар, УОК-оос нүүрс экспортлох асуудалд онцгой анхаарч байгаа. Засгийн газар, УОК-оос томилогдсон ажлын баг өнгөрсөн хугацаанд газар дээр нь ажиллаж, зарим ажлыг зохион байгуулалтаар хангасан. Ажлын багийн бүрэлдэхүүнд УУУХҮЯ, ЭМЯ-ны Яаралтай тусламжийн газрын дарга, Онцгой байдлын байгууллагынхан багтсан. Зохицуулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар  үйл ажиллагаа хяналтад байгаа гэдгийг хэлье. Мөн Засгийн газрын тогтоолоор уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажиллагсдыг ээлж солилцох ажлыг зохион байгуулсан. Өмнөговь тогтвортой байлгах талд анхаарч байгаа.

Д.Нарангэрэл: -Өмнөговь аймагт ЗӨСҮТ-ийн нүүдлийн лаборатори ажиллаж коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна. Өнөөдрийн байдллаар Гашуунсухайтад 290 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй.


-Иргэд QR бүртгэлийг явсан газар бүртээ хийлгэх ёстой. Энэ нь хэр хэрэгжиж байна вэ?

Б.Ууганбаяр: -Энэ талд хүндрэл бэрхшээл бий. Нийслэлийн Онцгой комисс, Нийслэлийн Шуурхай штабаас QR кодыг бүртгэлжүүлэх, зохион байгууллалттай ажиллах талд хянаж байна. Хүндрэл, бэрхшээлийг цаг тутам шийдвэрлэхэд Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч байна. 

Связанные новости