Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байхыг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-12-17 10:46:48
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2020.12.01-2021.07.01-ний өдрийг хүртэл айл, өрх зарим аж, ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэсэн. Үүнтэй холбоотойгоор ачаалал нэмэгдэж, гал түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг аймгийн Онцгой байдлын газраас хүргүүллээ.
Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх, ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх нь аюулгүй байдлын анхны алхам юм. Мөн цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх, цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх, харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байхыг сануулав.
Түүнээс гадна яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлж, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байхыг зөвлөсөн юм.
Связанные новости