Голомттой бүсээс ирсэн хүмүүс сум руу явах машинаа коллежийн дотуур байранд тусгаарлагдан хүлээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-12-17 14:40:24

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штаб энэ сарын 16-ны орой хуралдаж, зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн нийтийн тээврээр болон онгоцоор Улаанбаатар хот, сэжигтэй бүс нутгаас зорчин ирж байгаа сумдын иргэдийг аймгийн төвөөс тухайн сум руу тээвэрлэх машин ирэх хүртэл хугацаанд Улаангом Политехник коллежийн дотуур байранд түр тусгаарлахаар болсон байна. Энэ дагуу тус дотуур байранд ажиллах Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрын ажилтнууд болон дотуур байрны үйлчлэгч нарын бэлэн байдлыг хангажээ.

Тэрчлэн Адарганы постод 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал аймгийн Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төвийн ажилтан, албан хаагчдыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон байна.

Улаанбаатар хот болон сэжигтэй бүс нутгаас зорчин ирж байгаа иргэдээ авахаар сумдаас эмнэлгийн машин ирдэг бөгөөд эдгээр нь замдаа саатах тохиолдол мэр сэр гардаг байна. Иймээс хотоос ирсэн иргэд сумын машинаа хүлээж автовокзал дээр хүлээх шаардлага гардаг аж. Тэгвэл одоо ийм асуудал гарвал Улаангом политехник коллежийн дотуур байранд түр тусгаарлагдах юм байна.

Связанные новости