Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд амжилт гаргасан алба хаагчдыг урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-22 18:00:22

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ онд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр амжилттай ажилласан төрийн албан хаагч, байгууллагыг урамшууллаа. Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат зарим хүмүүст шагналыг нь гардуулав. Аймгийн шүүх, прокурор, цагдаа, онцгой байдлын газар, шүүхийн шинжилгээний алба зэрэг байгууллагын 20 шахам төрийн албан хаагчийг шагнасан байна. Мөн сумын олон нийтийн цагдаа нарыг урамшууллаа.

            - Манай аймгийн 10 сум, тосгонд 11 олон нийтийн цагдаа ажилладаг. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж байна. Олон нийтийн цагдаа нар сургалт сурталчилгаа хийхийн зэрэгцээ архидан согтуурч, захиргааны зөрчил гаргасан 32 хүнийг хяналтад байлгаж эрүүлжүүлэн, 19 удаагийн хэргийн газрын хамгаалалт хийж, 31 зөрчил илрүүлэн цагдаагийн алба хаагчдад шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл постод тогтмол үүрэг гүйцэтгэж байна гэж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтаншагай ярилаа.

            Мөн аймгийн Биеийн тамир, спортын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Татварын хэлтэс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд үр дүн гаргасан учир Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн шагнал хүртжээ. 

Связанные новости