Иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-12-23 18:15:10

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-ын дэргэдэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-ийн ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө мэдээлэл хариуцсан мэргэжилтэн У.Энхтөртэй ярилцлаа.


-“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-ийн үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

-Манай төв нь Швейцарын хөгжлийн агентлагийн 38,7 сая төгрөгийн санхүүжилтээр Германы GFA компани хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” нэртэйгээр байгуулагдсан. 2019 оны 5-р сараас эхлэн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Гол төлөв 15-34 насны залууст сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, бүлгийн сургалт зохион байгуулах, гарааны бизнесээ хэрхэн удирдах талаар зөвлөх, ажил олгогч байгууллагын хүний нөөцийн менежерүүдтэй хамтарч ажил хайгч иргэдийг ажлын байранд зуучлах, ганцаарчилсан зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг  үзүүлж байна.

-Танай төвөөр залуучууд хэр их үйлчлүүлж байна вэ?

-Ажил хийх хүсэл эрмэлзлэлтэй залуус сайн дурын үндсэн дээр манай төвд ханддаг. 2019-2020 онд давхардсан тоогоор 2200 ажил хайгч иргэн хөдөлмөр эрхлэлтийн талаар чиг баримжаа, зөвлөгөөг авч, ажлын байранд зуучилсан. Мөн 2020 онд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах модуль сургалтыг 2-3 удаа зохион байгуулж, 35 залуу ажиллах хүчнийг хамруулсан. Сүүлийн үед цар тахалтай холбоотой үйлчилгээний хүртээмж суларсан ч ганцаарчилсан уулзалт, зөвлөгөөг тогтмол өгч байгаа. 

-Модуль сургалтын үр өгөөж хэр байдаг вэ?

-Их, дээд сургууль дөнгөж төгссөн залуучууд ажлын талбарт гарахдаа байгуулагынхаа хамт олны уур амьсгал, харилцаа хандлагад дасан зохицохгүй байх, өөртөө итгэлгүй болох зэрэг асуудалтай тулгардаг бөгөөд эдгээрийг шийдвэрлэхэд манай төв зөвлөн тусалдаг. Мөн ажилгүй залууст урам зориг өгч, ажил хөдөлмөр эрхлэх хөшүүргийг нь нээх, мэдээллээр хангах модуль сургалтыг жилд 2-3 удаа явуулдаг. Сургалтыг бэлтгэгдсэн сургагч багш нар заадаг ба нэг удаагийн сургалт 3-4 долоо хоног явагддаг. Энэ хугацаанд зөвхөн танхимын сургалтаас гадна албан байгуулагуудын үйл ажиллагаатай танилцах, өртөөчилсөн аялал, мөн сургалтад хамрагдсан залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой сайн үйлсийн аян зэргийг өрнүүлдэг. Сургалтад хамрагдсан залуус сурсан мэдсэн зүйлээ бататгаж чадамжийн гэрчилгээтэй төгсдөг. Үүнээс гадна манай төв нь ганцаарчилсан болон булангийн зөвлөгөө өгөх нээлттэй оффис, стандартын дагуу тохижуулсан сургалтын танхим, компьютерийн өрөө, номын сантай. Энэ нь манай төвийг зорин ирж буй иргэд хүссэн мэдээллээ тав тухтай орчинд авах боломжтой.

-Ажил идэвхтэй эрж буй залууст хандаж юу хэлэх вэ?

-Залуусын хувьд манай төвөөр үйлчлүүлээд таалагдахгүй бол дахин ирэхгүй байх магадлалтай тул аль болох үйлчилгээний хүртээмж, чанарт түлхүү анхаарч ажиллаж байна. Ялангуяа сургалтуудыг стандартын дагуу үр өгөөжтэй зохион байгуулахыг зорьдог. Цаашид ажил хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлэлтэй, ирээдүйн зорилготой, өөрийгөө нээе гэсэн залуус та бүхэнд манай төвийн үүд хаалга нээлттэй байх болно. Цар тахал намжсаны дараагаар олон ажлыг зохион байгуулахар төлөвлөөд байна.

-Ярилцсанд баярлалаа.



Связанные новости