“Булган” нисэх буудал олон улсын болон дотоодын агаарын хөлөгт үйлчилгээ үзүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-23 18:20:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн “Булган” нисэх буудал олон улсын болон дотоодын агаарын хөлөгт 24 цагийн турш үйлчилгээ үзүүлж, жилд зуу шахам агаарын хөлөг хүлээж авдаг байна. ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын агаарын тээвэр хөгжүүлэх тасгийн судалгаагаар сүүлийн гурван жилийн байдлаар манай улсын нутаг дэвсгэр дээгүүрх ерөнхий зориулалтын нислэгүүдийн 21 хувь нь Булган аймгийн нутгаар дайран өнгөрчээ.  

“Булган” нисэх буудал нь онцгой, тусгай үүргийн, түргэний, захиалгат, хувийн, авиахимийн, жуулчны болон бусад зориулалтаар нислэг үйлдэж буй ерөнхий зориулалтын агаарын хөлгүүдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэхээс гадна Улаанбаатар болон бусад аймагт явагдаж буй ерөнхий зориулалтын агаарын хөлгийн нислэгүүдэд байнгын нөөц буудлаар хангадаг юм.

            - Манай аймгийн нутаг дэвсгэр дээгүүр олон улсын А-575, А-308 агаарын замууд дайран өнгөрдөг бөгөөд агаар, газрын холбооны тоног төхөөрөмжүүд ашиглан олон улсын болон орон нутгийн бүх агаарын хөлөгт 24 цагийн турш тасралтгүй үйлчилгээ үзүүлдэг. Монгол Улсын агаарын зайгаар өнгөрөх олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Нисэх буудлын аэродром нь 1920м урт, 30м өргөнтэй хөөрч буух шороон зурвастай. Жилдээ 90-100 агаарын хөлөг бууж, газрын тусгай үйлчилгээ авдаг бөгөөд орон нутгийн 500-600 агаарын хөлөг тус аэродромыг бэлтгэлээр сонгон нислэг үйлддэг гэж Нисэх буудлын дарга Б.Баасанбат ярилаа.

            “Булган” нисэх буудлын үйл ажиллагаа 1957 оны 07 дугаар сарын 07-ны өдөр АН-2 маягийн агаарын хөлөг УБ-Булган-Хөвсгөл чиглэлд зорчигч, ачаа шуудан тээвэрлэснээр эхэлсэн түүхтэй. 1960-1990-ээд онд “АН-2” маягийн агаарын хөлөгтэй болж аймгийн бүх суманд зорчигч, ачаа, шуудан тээвэрлэж эхэлсэн бөгөөд УБ-Булганы хооронд АН-24 маягийн агаарын хөлөг байнга нислэг үйлддэг байжээ. 

Связанные новости