Булган аймгийн Засаг дарга үндэсний бичгийн сургалтад анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-25 12:21:45

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ монгол хэлний багш нарын төлөөлөлтэй уулзаж, үндэсний бичгийн сургалт явуулах, сурталчлах талаар санал солилцлоо.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, монгол хэлний тухай хууль, монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн, 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх ажлын бэлтгэлийг хангуулах аймгийн хөтөлбөрийн талаар Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтний санал хүсэлттэй танилцаж, үндэсний бичиг соёлоо эрхэмлэн, эх хэлний сургалтад анхаарлаа хандуулахаа аймгийн Засаг дарга илэрхийлсэн байна.

Аймгийн Бололсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Л.Намуунтуяа:

-2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлнө. Үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдад үндэсний бичиг сургах, сурталчлах ажил зохион байгуулна. Үндэсний бичгийн сургалтын төсөв хөтөлбөрийн бодитой судалгаан дээр тулгуурлан зохих хэмжээний төсөв хөрөнгийг шийдүүлэх тал дээр анхаарахаар болж байна. Аймгийн ЗДТГ-ын албан хаагчдад сургалт зохион байгуулж эхэлнэ. Монгол хэлний багш нар анхан, дунд, шатны хөтөлбөр боловсруулна. Хөтөлбөрийг төрийн албан хаагчид сонгон суралцах юм. Үндэсний бичгээ дэмжиж байгаа аймгийн удирдлагад талархал илэрхийлье гэлээ.

Связанные новости