“Сургуулийн дурсамж” шүлгэн хөшөө сүндэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЭрээнцав гэдгээр олон танигдсан Дорнод аймгийн Чулуунхороот сумын сургуулийн үүдэнд “Сургуулийн дурсамж” нэртэй шүлгэн хөшөө саяхны өдөр сүндэрлэлээ. Ирэх долдугаар сард болох 60 жилийн ойгоо угтаж хийж байгаа олон бүтээлч ажлын нэг нь энэ юм.
Дууны шүлгийг Эрээнцав нутгийн яруу найрагч Д.Батжаргал зохиож, тус сургуулийн дуу хөгжмийн багш Д.Эрдэнэчимэг ая хийсэн энэ дууг үе үеийн төгсөгчид “амьдруулсаар” 20 жил болж байна. Тийм болохоор “Сургуулийн дурсамж”-ийг мөнхжүүлэх санааг ая зохиогчийн хүүхдүүд гаргаж хөшөө босгох хөрөнгө мөнгөний асуудлыг давхар шийдсэнээр өнөөдөр ийн биеллээ оллоо гэдгийг хөшөөний нээлтийн үеэр сургуулийн удирдлага онцолж байсан.
Орос дууны “Улыбка” хамтлагаараа Чулуунхороот сумын сургууль Монголдоо төдийгүй Оросын олон хотод танигдсан гэж хэлж болно.
Б.Туяа