“Эрдмийн өргөө” цогцолбор сургууль эко болзолт уралдаанд тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-28 12:31:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын ивээл дор “Эко сургууль, цэцэрлэг” шалгаруулах болзолт уралдааныг тав дахь жилдээ зарлан дүгнэлээ. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран дүгнэсэн уралдаанд 13 сургууль, 12 цэцэрлэг оролцсон байна.

- "Хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгох хөтөлбөр"-ийн хүрээнд аймгийн хэмжээнд зохион байгуулсан "Эко сургууль" болзолт уралдаанд Булган сумын "Эрдмийн өргөө" цогцолбор сургууль 1-р байр, Хишиг-Өндөр сумын Ш.Гаадамбын нэрэмжит бүрэн дунд сургууль, Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургууль удаах байр эзэлсэн. “Эко цэцэрлэг” болзолт уралдаанд Булган сумын гуравдугаар цэцэрлэг түрүүлж, Хутаг-Өндөр сумын “Гацуурхан” цэцэрлэг, Сэлэнгэ сумын “Ундраа” цэцэрлэг 2, 3-р байр, Улсын тэргүүний 2 дугаар цэцэрлэг тусгай байр тус тус эзэллээ гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Алтанцэцэг ярилаа.

Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тус уралдаанд идэвхтэй оролцож, хүүхдүүдэд экологийн боловсрол олгох, байгаль орчныг хамгаалах уламжлалт зан үйлийг төлөвшүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах ажлыг амжилттай сайн зохион байгуулж байр эзэлсэн сургууль, цэцэрлэгийн удирдлагад шагнал гардуулсан юм.

- Манай сургууль энэ онд олон улсын “Эко сургууль” хөтөлбөрт оролцож “Мөнгөн гэрэгэ” хүртлээ. Сурагчдад экологийн боловсрол олгох, ногоон орчин бүрдүүлэх, биеийн тамрын болон ногоон орчин бүрдүүлэх туршилтын талбай байгуулах зэрэг ажил хийсэн гэж Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирал Н.Янжмаа ярилаа.

Связанные новости