Б.Мөнхсүлд: Архинд донтогсод зан үйлийн эмгэг хэмээх өвчин тусчихсан учраас эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-12-30 16:14:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Жаргалтай Амьдрал” төвийн үүсгэн байгуулагч, сэтгэцийн эмч Б.Мөнхсүлдтэй уулзаж ярилцлаа. Тэрээр 2015 онд АШУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгсөөд, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газарт хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтнээр ажиллажээ. Тэндээс хүсэл сонирхолдоо хөтлөгдөн төгссөн сургуульдаа дахин суралцаж, Сэтгэцийн эмч мэргэжил эзэмшсэн байна. Архины эмчилгээг орон нутагтаа нэвтрүүлье гэсэн анхны шийдвэрээ ЭМГ-т ажиллаж байх үедээ гаргаж, эмчлэх ор, төсөв хөрөнгөгүй байсан хэдий ч нэг жилийн хугацаанд 20 орчим хүнийг эмчилж, өндөр үр дүн үзүүлсэн байна. 

 

Гэр бүл тухайн хүнийг маш сайн ойлгож дэмжсэнээрээ дахилтаас урьдчилан сэргийлж чаддаг

 

-“Жаргалтай амьдрал” төвийн талаар товч танилцуулахгүй юу?

-Манай төв архинд донтох өвчтэй хүмүүст зориулж донтолтын болон сэтгэлзүйн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Одоогийн байдлаар гэр бүл судлаач, сэтгэцийн эмч, сэтгэлзүйч, сувилагч, үйлчлэгч, нягтлан гэсэн бүрлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг удаагийн ээлжиндээ 10-15 хүн хүлээн авах хүчин чадалтай, эмчилгээний хугацаа 28 хоног. Энэ 28 хоногт тухайн хүний зан үйлийг засах эмчилгээ, үйлчилгээ хүргэдэг бөгөөд энэ нь тухайн хүний амьдралын хэв маягийг өөрчлөх зорилготой. Мөн хордлого тайлах, дуршил бууруулах эмийн эмчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөөгөөр дамжуулж тухайн хүний суурь сэтгэлзүйн тулгамдсан асуудал, сэтгэцийн эмгэгийг илрүүлэх, эмчлэх эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Түүнээс гадна физик эмчилгээтэй.

-Мөн хугацаанд ямар үр дүн гарч байна вэ?

-Олон улсад бол 10 хүн тутмын нэг нь архинаас гарах магадлалтай гэж үздэг. Гэхдээ бидний хийсэн эмчилгээний үр дүн тун сайн байгаа. Учир нь манайхаар үйлчлүүлсэн эхний 10 хүн бүгд ямар нэг байдлаар архи дахиж огт хэрэглээгүй бөгөөд хамгийн гол нь тэр хүмүүсийн дадал зуршил, зан үйл, зан төрх өөрчлөгдсөн. Энэ нь юунаас харагдаж байна вэ гэвэл өмнө нь огт ажил хийе гэж боддоггүй байсан хүмүүс одоо ажил хийх хүсэл сонирхолтой болж, ажил тууштай хайж дийлэнх хүмүүс ажилтай орлоготой болоод байна.

-Одоогийн байдлаар танай төв хэчнээн хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна вэ? Үйлчилгээ хийлгээд гарсан хүмүүсээ хэрхэн хянадаг бол.

-Манай төв үйл ажиллагаагаа эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 40 дэх иргэндээ тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хамгийн эхний үйлчлүүлэгч нар маань 2 сар орчим хяналтад явж байгаа. Одоогоор бол эдгээр хүмүүсээс дахиж архи хэрэглэсэн хүн байхгүй. Бид “Жаргалтай Амьдрал” төвөөрөө үйлчлүүлсэн иргэдийг цаашдаа 3-5 жилийн хугацаанд хянана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Учир нь архитай холбоотой мэдээллийг дамжуулдаг мэдрэлийн эсүүдийн холбоо 5 жил болж байж тасардаг. Тэгэхээр энэ архи уух дуршил 5 жилийн хугацаанд үр дүнтэй хянагдаж байж төгс эмчлэгддэг гэсэн үг.

-Эргэх холбооныхоо талаар тайлбарлаж өгөөч?

-Бид эмчлэгдээд гарсан хүмүүсээ эрсдэлийнх нь зэргээр ангилдаг. Учир нь архины эмчилгээнд дахилт гэж зүйл байдаг. Дахилт гэдэг зүйлд хэн хамгийн богино хугацаанд өртөх эрсдэл өндөр вэ гэдгээр нь тодорхойлно гэсэн үг. Өндөр эрсдэлтэй хүмүүсийг бид бүхэн өдөр болгон хянадаг. Өдөр болгон “Жаргалтай амьдрал” төв дээрээ ирж, эмийн эмчилгээ авах шаардлага тавьдаг. Мөн хяналтдаа ордог. Харин дунд болон бага эрсдэлтэй хүмүүсийг долоо хоногт нэг удаа утсаар холбогдож хянана. Мөн дээрээс нь сард нэг удаагийн уулзалтыг зохион байгуулдаг.

-Эмчлүүлээд гарч байгаа иргэдэд гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүст нь ч хариуцлага тавигдах байх.

-Гэр бүл тухайн хүнийг маш сайн ойлгож дэмжсэнээрээ дахилтаас урьдчилан сэргийлж чаддаг. Жишээ нь, дийлэнх гэр бүл итгэлээ алдчихсан байдаг. Архинаас гарна гэж спираль тавиулаад хэсэг хугацааны дараа дахиад уучихсан байдаг ч юм уу. Энэ өдрөөс л эхэлж дахиж би архи хэрэглэхгүй гээд маш олон удаагийн амлалт өгчихсөн байдаг. Тэгэхээр энэ итгэл гэгч зүйл гэр бүлийн хувьд эвдэрчихсэн байдаг. Энэ төвийн нэг онцлог нь гэр бүл судлаачид ажилладаг. Тэгэхээр энэ гэр бүлийн итгэл, дотоод уур амьсгалыг сэргээх, гэр бүлээс аз жаргалыг хэрхэн яаж мэдрэх вэ гэдэг аргачлалыг манай гэр бүл судлаач нар гэр бүлүүдэд зөвлөгөөгөөр өгдөг байгаа.

-Эмчлүүлээд гарсан иргэдээс хэд нь ажил орлоготой болсон бол?

-Тусламж үйлчилгээ аваад гарсан хүмүүсийн талаас илүү нь ажилд орсон. Зарим нь хөдөө мал дээр гарах ч юм уу, өөрийнхөө сонирхсон зүйлийг хийж амьдарч байна. Үүнд орон нутгийн удирдлагууд маань маш их дэмжлэг үзүүлж, ажилд зуучилж байгаа. Гол зүйл нь юу вэ гэхээр “Та энэ төвөөр эмчлүүлж байгаа боловч танд ажил олж өгөх, амьдрал залгуулах үүргийг манай байгууллага хүлээгээгүй. Таны амьдрал бол таны л гарт байгаа” гэдэг ойлголтыг өгснөөрөө тэр хүмүүс өөрсдөө ажил хайж эхэлж байна. Эхний 10 хүнээр аваад үзэхэд, аймаг орон нутгаас гурван иргэнийг ажлын байраар хангасан, үлдсэн долоон хүн өөрсдөө хөөцөлдөж байгаад ямар нэгэн ажилд орсон байна. Бидний эмчилгээний үр дүн үүнд байгаа юм.

 

Гэр бүлийн гишүүд архины давхар хамааралд өртдөг нь хамгийн том асуудал

 

-Архинд донтох өвчний талаар тайлбарлаж өгөөч?

-Архи гэдэг бол энгийнээр хэлэхэд хүний сэтгэцийг мансууруулж, донтуулах үйлчилгээтэй химийн идэвхит бодис. Энэ бодисыг тогтмол хэрэглэснээр тухайн бодисоос хувь хүн хамааралтай болж бие махбод нь нэхэж эхэлдэг. Үүнийг л архины донтолт, архины хамаарал гээд байгаа юм.

-“Жаргалтай амьдрал” төвд архины хамааралтай хүмүүсийг эмчлэхээс гадна өөр ямар өвчин эмгэгтэй хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Нойрондоо муу, амархан юманд бухимддаг, айдас түгшүүрт автдаг, өөрийн хийж байгаа ажилдаа хүсэл сонирхолгүй болдог, хийж байгаа ажлынхаа үр дүнг мэдэрч чаддаггүй буюу сэтгэл ханамжгүй болсон иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө болон эмийн эмчилгээ хийж, мэдрэлийн ядаргаа тусахаас урьдчилан сэргийлэх, туссан иргэдийг эдгээх үйлчилгээ бий. Эдгээр хүмүүст зориулсан ядаргаа тайлах, стресс менежмент хийх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх зэрэг тусламж үйлчилгээ үзүүлж байна. Манай төв сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай иргэдэд зориулсан дөрвөн ортой, архины хамааралтай иргэдэд зориулсан 14 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг.

-Энэ төвд гэр бүлээрээ хандсан тохиолдол бий болов уу? Мөн хамгийн залуу үйлчлүүлэгч хэдэн настай байв?

-Архи гэгч энэ химийн идэвхит бодисын өмнө хүчин мөхөсдсөн, архины хэрэглээгээ хянаж чадахгүй байгаа, мөн дээр нь үүнээсээ болж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж уур амьсгалыг эвддэг, түүндээ ихэвчлэн харамсдаг хүмүүс манайд ханддаг. Гэр бүлээрээ хандах тохиолдол цөөнгүй байна. Төв маань энэ оны 10 дугаар сарын 5-наас тогтвортой үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд манайд хандах иргэдийн тоо маш их байна. Үүнд эрэгтэй, эмэгтэй аль аль нь. Эмчлүүлж байгаа иргэдийн хувьд 30-40 насныхан голчилж байна. Яг ажиллаж хөдөлмөрлөх, хийж бүтээх насныхан гэсэн үг байгаа биз. Манайд хандсан хамгийн залуу үйлчлүүлэгч 18 настан.

-Тэгэхээр архидалт аль ч түвшинд байгаагаас харвал хувь хүний бус нийгмийн асуудал болж байна аа даа.

-Архинд донтох эмгэг гэдэг нь зөвхөн хувь хүний асуудал биш бөгөөд гэр бүл, ойр дотны хүмүүс цаашлаад нийгмийн асуудал мөн шүү. Гэр бүлийн гишүүд архины давхар хамааралд өртдөг нь хамгийн том асуудал. Гэр бүлийн гишүүд сэтгэл түгшил маш их болдог, ялимгүй зовлонт байдал гэдэг сэтгэлзүйн шинж тэмдэг илэрдэг. Сүүлийн үед манайхаар үйлчлүүлж байгаа эмэгтэй үйлчлүүлэгч дотроос гарч ирж байгаа нэг онцлог зүйл бол архинд орсон нөхрөө согтоохгүйн тулд, бага хордуулахын тулд өөрөө хамт ууж эхэлсэн гэж. Ингээд нэг мэдэхэд гэр бүлээрээ архинд донтчихсон байдаг.

-Хэрэв хувь хүн архинаас гарахаар шийдсэн бол юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн түрүүнд тухайн хүн өнгөрсөн амьдралаа маш их дүгнэж, архи ууснаар амьдралдаа юуг алдаж, ямар хохирол амсав, үүнээс би үнэхээр гарах шаардлага байна уу, байхгүй юу гэдгээ маш сайн бодож архинаас гарах эргэлт буцалтгүй шийдвэр гаргах хэрэгтэй. Учир нь хувь хүн яг дотоод сэтгэлдээ энэ бодисыг орхих хэрэгтэй юм байна, энэ бол өвчин юм байна гэдэг шийдвэрийг гаргаж чадсан тохиолдолд  эмчилгээний үр дүн маш өндөр гардаг.

 

“Жаргалтай амьдрал” төв Монголд цор ганц


-Эмчилгээнийхээ онцлогийн талаар?

-“Жаргалтай амьдрал” төв Монголд цор ганц гэж би хэлмээр байна. яагаад вэ гэхээр, нэгдүгээрт энд гэр бүл судлаач, сэтгэлзүйч, дээрээс нь энэ 28 хоногийн хөтөлбөр өөрөө их урт хугацаатай. Мөн энд хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс ямар нэгэн төлбөр авдаггүй. Тэгэхээр нэг үйлчлүүлэгчийг эмчлэхэд маш өндөр өртөг гардаг бөгөөд төр дааж хариуцан иргэдийнхээ төлөө дэмжлэг үзүүлж байна. Хоёрдугаарт, 28 хоногийн хугацаанд өдөр бүр хөдөлмөр эмчилгээ, сэтгэл нийгмийн сэргээн засах эмчилгээ хийдэг. Мөн сэтгэлзүйн зөвлөгөө, ярилцлага хийдгээрээ онцлогтой. Цогц үйлчилгээ гэсэн үг. 

-Эмчлүүлж байгаа нэг хүний зардал хэд байдаг вэ?

-Ойролцоогоор нэг хүний эмчилгээний зардал 1.5 сая төгрөг болж байна. Энэ тоо магадгүй өндөр сонсогдож байж болох ч нийгэмд эргээд бодит хөрөнгө оруулалт болж байгаа юм. Жишээ нь, нэг хүн ашиггүй зарлагаа халж, орлоготой боллоо гэж тооцоход 1.5 сая төгрөг бол 3-4 сарынх нь л цалин. Дээр нь тэр хүн цалин авч байна гэдэг бол аймгийн төсөвт нэмэлт орлого оруулж өгч байна гэсэн үг. Баянхонгор аймагт ажилгүй, архины хамааралтай 8000 орчим иргэн байна гэсэн судалгаа бий. Эдгээр иргэн энэ маягаар ажил амьдралтай болж гэмээнэ, цаана давхар хамааралд өртчихсөн гэр бүл, найз нөхөд, ах дүү, хамаатан садан сэтгэлзүйн тайван байдалд шилжиж, нийгмийн эрүүл мэндийн үзүүлэлт сайжрахын үндэс болох юм.

-Төсвийн тал дээр энэ төвийг цаашид аваад явах боломж нь юу байгаа бол?

-Үүн дээр аймаг орон нутаг онцгой анхаарч маш том дэмжлэгүүдийг үзүүлж байгаа. Үүнийг би сүүлийн 10 гаруй жилд яг хүн рүүгээ чиглэсэн, хүндээ хэрэгтэй байгаа зүйлд төсвөө онож зарцуулсан тохиолдол болов уу гэж харж байна. 2021 оны төсөвт Баянхонгор аймаг орон нутгаасаа 200 сая төгрөг, ЭМЯ-наас 400 сая төгрөгийн төсвийг шийдүүлж байгаа гэсэн урьдчилсан мэдээлэл байгаа. Энэ нь бол ирэх онд энэ төвийн үйл ажиллагаанд хангалттай төсөв шийдэгдсэн гэсэн үг.

-Архинаас гарахад эмийн эмчилгээ чухал уу, сэтгэлзүйн үйлчилгээ чухал уу?

-Аль аль нь чухал. Аль нэг эрхтэн тогтолцоо танаас ямар нэг бодисыг нэхэж эхлэхэд бид сэтгэлзүйгээр зогсоох хэцүү байдаг. Тэгэхээр эмийн эмчилгээг төгс үр дүнтэй болгох хамгийн чухал зүйл нь сэтгэлзүй. Эмийн эмчилгээ, сэтгэлзүй хоёр яг нэг түвшинд байна.  

-Нийгмийн сэтгэхүй нь өөрөө архинд донтсон хүмүүсийг засаршгүй мэтээр ойлгодог?

-Архичин хүн гэж бол байхгүй. Архинд донтсон хүн гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага F10-0 гэдэг оношоор архины хамааралтай зан үйлийн эмгэг гээд тогтоочихсон. Тэгэхээр энэ нь хэн нэгэн хүн хавдартай, эсвэл зүрх судасны ямар нэг эмгэг тусчихсантай адилхан, зан үйлийн эмгэг хэмээх өвчин тусчихсан л хүмүүс байхгүй юу. Энэ хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Энэ эмнэлгийн тусламж үйлчилгээг авснаараа эдгэрэх боломж нээгдэж байна гэсэн үг.

 

Тун удахгүй "Өөртөө туслах төв"-ийг нээж ажиллуулна

 

-Танай төвөөр үйлчлүүлэх хүсэлтэй иргэн албан ёсны тоогоор 400 гаруй байгаа гэж сонссон. Тэгэхээр эрэлт хэрэгцээ их байгаа гэж ойлгосон. Танай төвийн хүчин чадал, боломж бололцоо аймаг, орон нутгийнхаа энэ хэрэгцээг хангах хэмжээнд байж чадаж байна уу?

-450 иргэн гэдэг бол Баянхонгор аймгийн сумдаас авсан тоо. Үүн дээр аймгийн төв буюу Баянхонгор сумын иргэд нэмэгдэхээр энэ тоо их өндөр болно. Тэгэхээр бид бүхэн эхний ээлжинд хүмүүсээ эрэмбэлж авч байна. Эргээд энэ хүмүүс бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, бид нар удахгүй өөртөө туслах төвийг нээх гэж байгаа. “Би архи хэрэглэдэг хүн байсан. Гэхдээ энэ асуудлаа би шийдвэрлэж чадсан. Тийм болохоор одоо би бусаддаа тусална” гээд л үйлчилнэ. Манай “Жаргалтай амьдрал” төвөөс эмчлэгдэн гарсан иргэд маань архиныхаа хэрэглээг зогсоох боломжтой хүмүүст эмчилгээг нь тусад нь явуулна гэсэн үг. Яг зайлшгүй шаардлагатай иргэдийгээ энэ төвдөө хэвтүүлж 28 хоногийн хугацаатай эмчлээд явна.

-28 хоног эмчлүүлнэ гэдэг урт хугацаа л даа. Хүн хүний араншин өөр болохоор эмчилгээний дундаас би цаашид эмчлүүлж чадахгүй нь, больё гэж няцаж байсан тохиолдол гарч байсан уу?

-Ирээд нэг хоноод Би ерөөсөө больё гэсэн хүн байсан. Бид түүнд хоёр л хоноод үз, таалагдахгүй бол тэр өдөр нь шийдье гэж хэлсэн. Харин тухайн үйлчлүүлэгч маань хоёр хоносныхоо дараа “Би гарахаа болилоо. Эндээ үргэлжлүүлээд эмчлүүлж, эрүүлжиж авъя” гэж байсан.

-Энэ бол маш том хариуцлага. Харин танд энэ ажлаасаа халшрах тохиолдол гарч байв уу?

-Шантрах тохиолдол магадгүй 2019 онд байсан байх. Ер нь бол дэмжиж ойлгох хүн байхгүй юм байна, өөр тийш шилжиж ажилладаг юм уу гэсэн бодол байсан. Гэхдээ одоо бол энэ төвөөс гарсан хүмүүсээ эргээд харахаар илүү олон хүнийг ийм хэмжээнд аваачих юмсан гэсэн хүсэл маань шантрах гэсэн сэтгэлзүйн төлөвийг унтрааж өгч байна. Энэ төвөөс гараад гэр рүүгээ алхах замдаа яаж илүү сайн болгох вэ, яаж илүү олон хүнийг хамруулах вэ гэж боддог. Харин өглөө ажил руугаа ирэхдээ хүмүүсийнхээ сэтгэлзүйг нь өнөөдөр ямар байлгах уу гэж тооцдог. Зарим өдөр сэтгэл санаагаар унах зүйл гарч ирдэг. Энэ нь эмчилгээний эхний өдрүүдэд үйлчлүүлэгч биднийг загнах, зориудаар сэтгэлзүйн тавгүй байдлыг мэдрүүлдгээс үүддэг. Энэ бүхнээс ялангуяа эмчилгээний дунд үед хүмүүсээ аль болох тайван байлгах, тухайн өдөр энд эмчлүүлж байгаа хүмүүсийн сэтгэлзүйн байдлыг ямар түвшинд аваачих уу, юуг мэдрүүлэх үү гэх мэт маш их зүйл толгойд эргэлдэж байна.  

-Энэ төвийн урт хугацааны зорилго, зорилт юу байна?

-2021 онд бид бүхэн нийгмийн эрүүл мэндийн ажилтан, статистикч гэх мэтчилэнгээр үндсэндээ эмнэлэг байдлаар орон тоогоо төлөвлөж, 14 ажлын байр нэмэх гэж байгаа. Тэр юу вэ гэхээр хамгаалалтын ажилтан, дотрын эмч, эрчимт эмчилгээний эмч гэх мэт олон хүнийг нэмж ажиллуулна гэсэн үг. Ингээд ирээдүйд энэ төвдөө архитай холбоотой бүх асуудлаа шийдвэрлэдэг, дээрээс нь сэтгэлзүйн тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлдэг болох юм. Хүмүүсийн дунд хүлээлт үүсгэчихсэн буюу бусдадаа нөлөөлж чадахуйц хүмүүсийг сонгон авч эмчилгээнд хамруулж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бусад хүмүүс хөндлөнгөөс ажиглаад байж байдаг, энэ хүн архинаас гарчих юм бол бусад хүн гарч чадах байх гэсэн бодлыг төрүүлж байдаг хүмүүсийг эхлээд эмчилж байна гэсэн үг. Тэгээд энэ хүмүүс маань эмчлүүлж гарч ирээд хүмүүст маш их нөлөөллийг бий болгох боломжтой учраас нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээн дээрээ хамтран оролцуулах юм. Тэгээд энэ хүмүүсийн тоо, манай төвийн хүч нэмэгдээд ирэхээр ирээдүйд хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл бэрхшээл төвөгтэй зүйл байхгүй болно гэж бодож байгаа.

-Хамгийн сүүлд сонссон сайхан үгээр тань ярилцлагаа өндөрлөе.

-Сонирхолтой сэдэв байна. Манай төв дээр эхнэр нь дагуулж ирэхдээ “Манай нөхөр өөрчлөгдөх болов уу? Би эндээс нэг л үр дүн харж чадахгүй байна. Бид архинаас гаргах эмчилгээнд маш олон удаа хамруулж үзсэн. Магадгүй энэ бол миний хувьд хамгийн сүүлийнх, эндээс үр дүн өгч чадахгүй бол би энэ хүнтэй цаашид амьдарч чадахгүй” гэж хэлж байсан гэр бүл ирээд "Баярлалаа" гэж хэлсэн явдал байлаа. Манай нөхөр өөрчлөгджээ, одоо би харин нөхрийнхөө төлөө өөрчлөгдөх цаг болсон байна. Учир нь би нөхрөө эрүүл ороод ирэхэд нь итгэж өгөхгүй, өөрийн мэдэлгүй архи уучихсан л байх ёстой доо гэх ухааны сэтгэхүй хэвээрээ байгаад байна. Тэгэхээр би хоцрогдоод байна аа гэсэн үг болох нь. “Нөхрийн маань гэр бүлдээ зарцуулдаг цаг, хандлага, харилцаа маш өөр болсон. Хүлээлтийг минь давж, ийм үр дүнд хүргэсэн танд үнэхээр их баярлалаа” гэж хэлээд өөрөө өдрийн эмчилгээнд хамрагдаж байгаа. 

Связанные новости