Авран хамгаалах олон удаагийн ажиллагаанд оролцсон дэслэгч Г.Маналжавыг урамшуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-12-28 20:11:51

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, дэслэгч Галиндэвийн Маналжав Онцгой байдлын Ерөнхий газраас мөнгөн урамшуулал хүртсэн талаарх мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас өглөө.

-“Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу гурав дахь  жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон зургаан алба хаагч тус бүрд 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо. Үүний нэг нь манай албан хаагч Г.Маналжав юм.


2020 онд 31 хүний амь насыг аварчээ
Дэслэгч Г.Маналжав нь Онцгой байдлын байгууллагад долоо дахь жилдээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
2017 онд Отгонтэнгэр ууланд болсон ослын дуудлагаар далайн түвшнээс дээш 3200-3400 м өндөрт цасан нурангид эрлийн ажиллагааг зохион байгуулж, осолдсон иргэдийн цогцсыг цасан нурангиас гаргах ажилд гар бие оролцсон. Мөн 2019 онд Ойгон нуурт живсэн, 143 үхрийн сэг зэмийг татан авах устгах ажилд оролцсон. Төөрсөн, сураггүй болсон 12 удаагийн дуудлагаар ажиллаж, 31 иргэнийг эсэн мэнд олж, хөлдөж осгохоос урьдчилан сэргийлж ажилласан. 2020 онд нийт 21 удаагийн дуудлагаар 31 хүний амийг аварч, иргэдийн 120 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. 2020 онд өөрийн санаачилгаар аймгийн ойн сан бүхий Тосонцэнгэл, Их-Уул суманд ойг цэвэрлэж, мод бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ЗиЛ-131, ГАЗ-66 маркийн автомашинуудад яндангийн оч баригч 30 ширхэгийг хийж, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүлээлгэн өгсөн юм. Энэ ажил нь үр дүнтэй томоохон ажил болсон юм". 

             Мананцар үүсгэгч хошуугаар шүршин ариутгах зориулалттай ариутгагч төхөөрөмжийг зохион бүтээжээ

-"Эрэн хайх аврах бүлгийн дарга, дэслэгч Г.Маналжав, Шуурхай авто машины жолооч  ахлагч Б.Балдандорж нарын санаачилгаар бүтсэн ариутгалын төхөөрөмж нь цаг үеэ олсон бүтээлч ажил болсон юм.

Учир нь уг ариутгагч төхөөрөмж  нь таван минутад 20 автомашин ариутгах хүчин чадалтай. Мөн  автомашиныг  хоёр хажуу тал, дээд доод, араас нь мананцар үүсгэгч хошуугаар шүршин ариутгах зориулалтай юм. Ингэснээр дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа автомашин, техник хэрэгслийг ариутгах боломжтой болсон. Ийнхүү гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчидтай хамтран бүтээсэн энэ ариутгагч төхөөрөмж нь өнөөдөр ч үр дүнгээ өгч байна. Г.Маналжав нь энэ мэтчлэн олон ажлыг санаачлан зохион байгуулсан манай шилдэг албан хаагч юм” гэлээ. 

 

Связанные новости