Увс аймгийн 2020 оны онцлох 10 үйл явдал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-12-31 15:32:32

Увс /МОНЦАМЭ/. 2020 онд Увс аймагт болсон онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна.

1. УИХ дахь Увсын гурван суудлын нэгийг АН анх удаагаа авлаа.

   Увс аймаг УИХ-ын сонгуулийн гурван мандаттай бөгөөд өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэнд Увсынхан үргэлж МАН-аас нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгосоор ирсэн юм. Тэгвэл 2020 оны сонгуулиар “Тэсо групп”-ийн ерөнхийлөгч Одонгийн Цогтгэрэл анх удаагаа АН-аас ялалт байгуулсан. Ийнхүү УИХ дахь Увсын гурван суудлын нэгийг Ардчилсан нам анх удаагаа аваад байна.

2. Ирэх дөрвөн жилд “Ардчилал-Шударга ёс эвсэл” Увс аймгийг удирдана.

   2020 оны ээлжит орон нутгийн сонгууль өнгөрсөн 10-р сарын 26-ны өдөр болж, Увс аймгийн ИТХ-ын 41 суудлын 19-ийг АН, 17-г МАН авсан бол үлдсэн 5 суудалд бие даагчид ялалт байгуулсан юм. Энэ удаагийн аймгийн ИТХ-ын сонгуульд 19 бие даагч нэр дэвшин өрсөлдсөн нь аймгийн хэмжээнд, тэр бүү хэл Монгол Улсын хэмжээнд анхны тохиолдол болж байна. Сонгуулийн үр дүнгээр олонх болсон Ардчилсан нам бие даагчидтай хамтран “Ардчилал-Шударга ёс эвсэл”-ийг байгуулж, ирэх дөрвөн жилд Увс аймгийг засаглахаар боллоо.

3. “Эхийн алдар” одонг төрийн тэргүүнээсээ гардлаа.

   Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнгөрсөн 9-р сарын 19-ний өдөр Увс аймагт ажиллаж, энэ үеэрээ олон хүүхэд төрүүлж өсгөж буй эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулж, баяр хүргэсэн юм. Ингэснээр Увс аймгийн 19 сумын 346 эх нэгэн зэрэг “Эхийн алдар” одонгоо төрийн тэргүүнээсээ гардан авсан нь анхны тохиолдол боллоо. Энэ үеэр “Эхийн алдар” 1-р зэргийн одонг 44 эх, “Эхийн алдар” 2-р зэргийн одонг 302 эх хүртжээ.  

4. Өмнөговь “Баруун бүсийн шилдэг сум”-аар шалгарлаа.

 “Баруун бүсийн шилдэг сум”-аар энэ жил Увс аймгийн Өмнөговь сум шалгарлаа.

Баруун бүсийн 5 аймгийн 80 гаруй сумаас ийнхүү тус сум шалгарч, энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Уг  шагналыг Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэрсүрэн тэргүүтэй албаны хүмүүс тус сумын удирдлагуудад өнгөрсөн зун гардуулан өгсөн юм. Ингэснээр Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Өмнөговь сум энэ шагналын эзэн болоод байна. 

5. “Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төв”-ийг байгууллаа.

   “Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төв”-ийг Увсад байгуулж, энэ оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төв нь хүүхдийн авьяас билэг, ур чадварыг нээж, мэргэжлийн чиг баримжаа, гоо зүйн боловсролыг олгож буйгаараа ихээхэн онцлогтой байна. 

Сонгодог бүжиг, ардын урлаг, хөгжим, гадаад хэл, уран зураг, загвар дизайн, техник сэтгэлгээ гэх мэт 22 төрлийн дугуйланг тус төвийн хамт олон энэ жил хичээллүүлж, нийтдээ 4215 хүүхдийг хамруулжээ.

5. Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увсын бөхчүүд үзүүр, түрүүнд үлдлээ.

   Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс, Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь нар үзүүр, түрүүнд үлдсэн юм. 

Уг барилдаанд П.Бүрэнтөгс арслан давж түрүүлэн, Монгол Улсын аварга цол хүртсэн билээ. 

Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нэг аймгийн хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн тохиолдол өмнө нь хоёр удаа гарч байжээ. Үүний нэг нь мөн л Увс аймгийн харьяат, Монгол улсын дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Х.Мөнгөн нар бөгөөд тэд 1982 оны улсын их баяр наадмаар үзүүр, түрүүнд шалгаран үлдэж, Х.Баянмөнх аварга түрүүлсэн байдаг. 

6. Усархаг борооны улмаас гурван гүүр нурж, Улаангом руу орох хөдөлгөөн түр хаагдав.

   2020 оны 7-р сарын 13-15-ны өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Гашууны гол дээр тавьсан түр гүүр урсаж /үндсэн гүүр засвартай байсан/, Улаангом руу орох баруун чиглэлийн хөдөлгөөнд саад учирсан юм. Мөн хойд чиглэлд Түргэний голын хоёр төмөр бетонон гүүр нурж, тэр хэсгийн зам үерт автсан.

Ингэснээр Улаанбаатар хотоос Алтай таван богдын чиглэлд аялж байсан дотоодын аялагч 5 мянга гаруй хүн усанд боогдож 3-5 хоног саатсан юм.


7. Франц иргэний 1-р зэргийн хавьтагч Ямаат ууланд тусгаарлагдав.

   Коронавирусний халдварын анхны тохиолдол манай улсад бүртгэгдэхдээ Монголд ирсэн франц иргэнээс илэрсэн билээ. Уг халдвар манай улсад дахиж бүртгэгдэхгүй нэг хэсэг хугацааг өнгөрүүлэхэд цахим орчинд монголчууд түүнд “Анх-Отгон” нэрийг хайрласан юм. Түүнтэй хамт онгоцоор Монголд ирсэн 1-р зэргийн хавьтагч англи иргэн Увс аймагт ирчихсэн байсан бөгөөд түүний явсан маршрут, уулзсан хүнийг тогтоохоор нэг хэсэгтээ аймгийн холбогдох албаны хүмүүс ажилд дарагдсан. Байгалийн гэрэл зураг авах ажлаар Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат ууланд ирсэн тэрхүү англи иргэн тогооч, орчуулагч, жолооч гэх мэт багийн гишүүдийнхээ хамт Ямаат ууланд 14 хоног тусгаарлагдсан юм. Гурван удаагийн давтан шинжилгээгээр тэднээс коронавирусний халдвар илрээгүй тул тусгаарлалтын хугацааг дуусгаад нутаг буцсан билээ. 

8. Аймгийн Музей Ю.Цэдэнбалын лааны тосон баримал үзмэртэй боллоо.

  Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын Лааны тосон баримал үзмэрийг аймгийн музейд байршуулаад байна. Сангийн яам болон БСШУСЯ-ны санхүүжилтээр бүтээсэн уг үзмэрийг “Мөнх тэнгэрийн цаг” ТББ-ын тэргүүн Д.Дэлгэрмаа ахлагчтай уран бүтээлчид хамтран урлажээ. Нийтдээ 28 сая төгрөгийн төсөвт өртөгтэй уг бүтээлд маршалын нүүрэн хэсэг болон хоёр гарыг лааны тосоор урласан байна. Энэхүү үзмэрийг гурван ээлжийн хувцас дагалдаж ирсэн бөгөөд маршалын хувцаснаас гадна хоёр ээлжийн костюм пиджак байгаа аж. Эдгээр хувцаснууд бүгд ар талдаа цахилгаантай тул солих явцад үзмэрт ямар нэгэн эвдрэл гэмтэл учруулахгүйгээр бүтээсэн байна. 

9. Малчны хотонд хагалгаа хийж хүндэрсэн эхийг эсэн мэнд амаржууллаа.

   Улсын баярын дараахан орсон хүчтэй аадрын улмаас Түргэний голын төмөр бетон гүүр нурж, аймгийн төвийн хойд чиглэлийн зам хаагдсан хүндхэн үед Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн зөвлөх эмч Н.Шинэхүүгээр ахлуулсан баг хамт олон Түргэн суманд малчны хотонд очиж хагалгаа хийн, хүндэрсэн жирэмсэн эхийг эсэн мэнд амаржуулсан юм. 

Тухайн жирэмсэн эхийн хувьд халтирч унасны улмаас ихэс ховхрон цус ихээр алдаж, улмаар биеийн байдал нь хүндэрсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103 яаралтай тасагт дуудлага өгчээ. Эмч нарын баг очиход эхийн бие маш муу, цус алдалт ихтэй байсан тул арга буюу амийг нь аврахын тулд гэрт нь хагалгаа хийж эсэн мэнд амаржуулсан байдаг. 

   Эмнэлгийн баг бүрэлдэхүүнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн зөвлөх эмч Н.Шинэхүү, их эмч А.Оюундэлгэр, Солонго, нярайн эмч Д.Батхишиг, сувилагч Нямбаяр, Тунгалаг, Төрбат, Мөнхзул, Бямбажаргал, жолооч Гансүх, Сумъяа, цахилгаанчин Алтансүх нар явжээ. Мөн Түргэн сумын Эрүүл мэндийн төвийн их эмч О.Баярсүрэн, эх баригч М.Басан, багийн эмч Буянхишиг, сувилагч Магсар, жолооч Баттогтох нар мөн газар дээр нь очиж ажилласан байна.

10.  Коронавирусний халдварын улмаас Увс аймгийн 5000 иргэн Улаанбаатар хотод сар гацлаа.

  Өнгөрсөн 11-р сард Монгол Улс цар тахлыг дотооддоо алдсан юм. Үүнтэй холбоотойгоор улс даяар хатуу хөл хорио тогтоож, хотоос гарах хөдөлгөөнийг нэг сар орчим хязгаарласан. 

  Хязгаарлалтын хугацаанд Увс аймгийн 5000 иргэн хотод гацсан судалгаа гарсан бөгөөд эдгээр иргэдийг 12-р сарын 1-нээс эхлэн Улсын онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээврээр татаж авах ажлыг зохион байгуулсан. Хотоос ирсэн иргэд 14 хоногийн хугацаанд гэртээ тусгаарлагдаад байна.




Связанные новости