НҮБ болон КОЙКА-гийн хөтөлбөрийн дэмжлэгээр нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2021-01-02 18:14:04

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт 2020 онд НҮБ-ын Хүүхдийн сан, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн дэмжлэгээр 1,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.


Энэхүү хөрөнгө оруулалтаар уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, шинэлэг шийдэл бүхий ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж засвар шинэчлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Тухайлбал, тус аймгийн хүн амын усан хангамжийг сайжруулах зорилгоор Дарви, Алтай, Төгрөг, Есөнбулаг, Шарга суманд зөөврийн усан сан бүхий байгууламж, засвар шинэчлэлт, ухаалаг төхөөрөмж, хайс хамгаалалтын ажлыг хийсэн байна. Мөн Жаргалан, Эрдэнэ, Бугат суманд халуун усны газар, Цогт, Баян-Уул, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг, “Марал-Алтай” ӨЭМТ, Есөнбулаг дөрөвдүгээр цэцэрлэг, “Хантайшир-Эрдэм цогцолбор” сургууль, Гуулин тосгоны ЕБС гэх мэт эрүүл мэндийн байгууллага, сургууль, цэцэрлэгүүдэд гадна, дотор ариун цэврийн байгууламжийн засвар шинэчлэлтийн ажлыг өрнүүлжээ. Түүнчлэн Төгрөг, Дарви, Эрдэнэ, Есөнбулаг суманд өрхийн, 14 суманд малчин өрхийн ариун цэврийн байгууламж байгуулсан ажээ.

Үүнээс гадна Тонхил суманд 250,000,000 төгрөгөөр Ахуйн үйлчилгээний төвийн барилга, бүх суманд цахим сургалт, хурлын тоног төхөөрөмж, Есөнбулаг сумын Баянхайрхан багийн гэр хорооллын гудамж болон Бигэр сумын цэцэрлэг, Дарви сумын ЕБС-ийн дотуур байрны гадна бохирын байгууламжийн ажлыг амжилттай хийж хэрэгжүүллээ хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.