Ш.Баасандорж: 12-р ангийн сургалтыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-01-05 11:56:23

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс хуралдаж, зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, Шуурхай штабын дарга, онцгой байдлын хурандаа Ш.Баасандорж хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өглөө.

- Аймгийн Онцгой комиссын хурлаар таван асуудал хэлэлцлээ. Үүнээс заримыг нь тоймлон хүргэж байна. УОК-ын даргын “Халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай” 2021 оны 01 тоот албан даалгавар ирсэн. “Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаар 10 зүйл заалт бүхий ажлын төлөвлөгөө баталлаа. Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх,  хариу арга хэмжээ авах ажлыг тодорхой эзэнжүүлсэн, хариуцлагыг дээшлүүлсэн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллана.

Өвөжилтийн нөхцөл байдалтай холбоотой асуудлын талаар танилцууллаа. Мал аж ахуйн өвөлжилт гайгүй байгаа аймгийн тоонд орж байгаа боловч урд бүсийн суманд гадны отор нүүдэлд дарагдсан, бэлчээрийн  даац хэтэрсэн учраас  холбогдох дээд байгууллагад хүсэлт хүргүүлж зарим асуудал дээр ярилцаж тохиролцсон.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааны талаарх саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги буюу төгсөх ангийн сурагчдыг халдвар хамгааллын дэглэмийн дор хичээл, сургалт, дадлагыг зохион байгуулж, улсын шалгалтад бэлтгэх ажлыг Боловсрол, соёл урлагийн газарт даалгаж, үүрэгжүүлсэн. Хөдөө орон нутгийн 12 жилийн сургалттай сургуулийн дотуур байранд хүүхдүүд байдаг. Энэ хүүхдүүдийг олноор нь нэг дор цуглуулахгүй. Дотуур байранд хүүхдүүдийг байлгахгүй. Энэ талаар сумын онцгой комисст чиглэл өгнө. Зөвхөн 12-р ангийн сурагчид хичээл сургалтад хамрагдаж болно. Коронавирусний тархалт, нөхцөл байдал хаашаа ч эргэж болно. Асуудал хурцадвал шийдвэр өөрчлөгдөнө. Өнөөдөр Орхон аймаг сургуулийн хичээл сургалтын талаар шийдвэр гаргаагүй байна. Манай аймаг эрүүл аюулгүй бүс гэдэг утгаар зөвхөн төгсөх ангийн сургалтыг зөвшөөрч байна. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг сайн дагах хэрэгтэй гэлээ.

Связанные новости