Булган аймагт үйлчилгээний байгууллагын ажиллагсдыг шинжилгээнд хамруулж байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-01-05 12:16:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Эрүүл мэндийн газар нийт үйлчилгээний байгууллагын ажиллагсдаас коронавирусний илрүүлэг, тандалт хийх зорилгоор түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч эхлээд байна. Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа дараах тодруулгыг өглөө.

- Нийслэлд тодорхойгүй голомтоос коронавирусний халдвар илэрч байна. Тиймээс вирусний халдвартай хүн хаана ч явж байж магадгүй байна. Улаанбаатар хот болон бусад эрсдэлтэй аймгаас ирэх хөдөлгөөнийг хянах постын үйл ажиллагааг улам сайжруулж, тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг хариуцлагатай байх үүрэг чиглэл өгч байна. Одоогоор аймгийн хэмжээнд 2781 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Мөн 13 хүнийг PCR-ын шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

Нийт үйлчилгээний байгууллагын ажиллагсдад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж эхэлсэн. 68 хүн хамрагдаад байна. Хоёр өдрийн дотор шинжилгээ хийж дуусгана. Цаашдаа Булган суманд үйл ажиллагаа явуулдаг нийт үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчдад шинжилгээ хийнэ. Дээр нь такси үйлчилгээ, нүүрс, өвс, хүнс тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулна.

Бүх сумын үйлчилгээний байгууллагын ажиллагсдад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийнэ. Оношлуурын нөөц хангалттай байгаа. Шинэ жилийн баяраар иргэд халдвар хамгааллын дэглэм барихгүй маш замбараагүй байсан. Энэ нь эрсдэл их үүсгэж байна. Хөдөөгийнхөн айлд их зочилж байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй гэж ярилаа. 

Связанные новости