Халтиргаа гулгаа ихэсч буйг анхаарууллаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-01-06 12:04:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд аймгийн хэмжээнд огцом хүйтэрч, халтиргаа гулгаа ихсэн осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж болзошгүй болоод байгааг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Тиймээс албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах, байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдүүлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас хүргүүлэв. Мөн гудамж талбайд хүн осгосон, биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 7044105, 7044102, 7044103 тусгай дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэхийг сануулав. Түүнээс гадна холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж замд гарахыг зөвлөсөн юм.

Иргэдийн хувьд цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх, осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах, архи дарснаас татгалзах, хэтрүүлэн хэрэглэхгүй байх, жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг анхааруулав.

Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх, гэр хорооллын айл өрхүүд муу ус, үнсээ ил задгай асгахгүй байхыг мөн санууллаа.


Связанные новости