Жаргалант суманд очсон иргэний PCR шинжилгээний хариу гараагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-07 11:53:25

Төв /МОНЦАМЭ/.  2021 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр коронавирусээр халдварласан нь батлагдсан "Мөнххада" ХХК-ийн ажилтны гэр бүлийн иргэн Төв аймгийн Жаргалант суманд очсон байна. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Жаргалант сумаас гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

Тодруулбал, "Мөнххада" ХХК-ийн ажилтны гэр бүлийн иргэн 2020 оны 12 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотоос гарахдаа PCR шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан учир сум руугаа очжээ. Мөн сумандаа очсон даруйдаа Эрүүл мэндийн төвдөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд  хариу нь сөрөг гарсан байна. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын тандалт судалгааны баг өчигдөр Жаргалант суманд очиж тухайн иргэн болон ойрын хавьтлын 29 хүнээс PCR шинжилгээ авчээ. Мөн Жаргалант сумаас Улаанбатар хот руу тээвэрлэлт хийдэг хүнсний тээврийн жолооч буюу эрсдэлтэй, өртөмтгий бүлгийн 105 иргэнээс тандалтын зорилгоор PCR шинжилгээ авч өчигдөр орой бүх шинжилгээг ХӨСҮТ рүү хүргүүлсэн байна.

Мөн Жаргалант сумын иргэн гэртээ ганцаараа амьдардаг ба одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тул гэрийн тусгаарлалтад байгаа. Түүнчлэн өчигдөр цахим орчинд гарсан мэдээлэл худал бөгөөд шинжилгээний хариу гараагүй байхад мэдээлэл цацагдсан байна. Тиймээс PCR шинжилгээний хариу гарахаар албан ёсны мэдээлэл өгнө. Одоогоор шинжилгээний хариу гарахыг хүлээж байгаа гэж Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа хэллээ.

 

Связанные новости