"Цахим ном" төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-01-07 19:07:56
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт төгсөх ангийн сурагчид болон англи хэлний багш нарын дунд "Цахим ном" төслийг эхлүүллээ.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд багш, сурагчид, боловсролын салбарт чиглэсэн чадварлаг багш, сурагч солилцоо, говийн ирээдүй хүүхэд, эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллая зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Үүний хүрээнд төгсөх ангийн 320 сурагч, англи хэлний 30 багшийн дунд 6 сарын турш үргэлжлэх англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилго бүхий "Цахим ном" төслийг эхлүүлээд байна. Цахим номын санд 26 хэвлэлийн компанийн 1300 ном багтсан аж. "Лингорс" ХХК-тай хамтран тус төсөл хэрэгжих бөгөөд дөрвөн төрлөөр англи хэлний мэдлэгээ сайжруулах бүрэн боломжтой. Эхний ээлжинд "21 өдөр-21 ном" унших зорилтот үйл ажиллагааг зохион байгуулах юм. Төсөл хэрэгжихэд шаардлагатай 20 сая төгрөгийг орон нутгаас бүрэн шийдвэрлэж, багш, сурагчдынхаа гадаад хэл тэр дундаа англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн байна. "Ковид-19" халдварын улмаас олон нийтийг хамарсан сургалт, арга хэмжээг хориглосон мөн хичээл сургууль амарсан энэ үед дээрх төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Связанные новости