Аймгийн нөөцөөс өвс татаж, малчдад тараах ажлыг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-08 14:26:18

Архангай /МОНЦАМЭ/. Засаг дарга Д.Золжаргал энэ сарын 7-ны өдөр аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч буй зарим суманд ажиллаж, нөхцөл байдалтай танилцжээ. Томилолтын багт холбогдох агентлагийн удирдлагууд багтаж, тодорхой арга хэмжээг авч, газар дээр нь шууд шийдвэрлэсэн байна.

Мөн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тусгаарлах байрны шаардлага хангалт, Эрүүл мэндийн төвийн бэлэн байдал, бэлтгэл ажлын зэрэгтэй танилцав. Мөн сумдын Эрүүл мэндийн төвд хуваарилагдсан эмнэлгийн зориулалттай халад, амны хаалт, тусгаарлах байрны хэрэгсэл зэргийг өгсөн байна.

Уулзалтын үеэр Цахир сумын Засаг дарга Д.Галбаатар болон Хангай сумын Засаг дарга Д.Өрнөхбаяр нар сумдынхаа өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээллийг өгч, холбогдох санал хүсэлт гарган, нутаг орныхоо хөгжилд хөтөлсөн үйл ажиллагааны хөтөлбөрт санал солилцсон байна.

Засаг дарга Д.Золжаргал сумдын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд зарцуулагдах шаардлагатай нөөц бүрдүүлэх зорилгоор тодорхой санхүүжилтэд багтаан сумдад өвс тэжээлийн нөөц бүрдүүлснийг аймгаас татан авч, малчдад тараан өгөх ажлыг яаралтай зохион байгуулахыг сумдын удирдлагуудад үүрэг болгов.

Мөн аймгийн Иргэдийн хурлын Төлөөлөгч Р.Нямдорж, Э.Баттулга нарын гаргасан санал хүсэлтийн дагуу нэмэлтээр 50 хувийн хөнгөлттэй үнээр буюу нэг шуудай тэжээлийг 8925 төгрөгөөр тооцон нийт 500 шуудай тэжээл сумдад хуваарилан өгч, хөнгөлөлттэй үнээр малчдад хүргэхийг чиглэл болгожээ.

Связанные новости